“ХӨХ ЦЭРЭГ” аялал нь 2004 оноос эхлэн 10 дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний шилдэг аялал юм. Өнгөрсөн жилүүдийн аялалд 1523 хүүхэд хамрагдаж Монгол Улсын 11 аймгийн түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газраар 22332 км замыг амжилттай туулсан билээ. Энэ жилийн аялал “Нууц товчооны жимээр” уриан дор Эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хан хэнтийн түүхийн дурсгалт газруудаар 06 сарын 27-ноос 07 сарын 06-ны хооронд аялана. Аялалын багийн бүрэлдэхүүнд түүхч, тайлбарлагчид, олон улсын болон үндэсний сургагч багш нар болон аялагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж эмч, цагдаа явах юм байна. Түүнчлэн “Нууц товчооны нууцыг тайлах” хөх цэргүүдтэй хамт дуучин A Cool, Маск продакшины жүжигчин Жавхлан, Гавъяат тамирчин Наранбаатар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Лектор төвийн Ц.Баатархүү, С.Зоригтбаатар нар аяллын турш хүүхдүүдтэй мэдлэг оюунаа хуваалцаж, тэдэнтэй хамт аялах аж. Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залууст эх орноо хайрлан, энэрэх үзлийг төлөвшүүлж, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч сэтгэлгээтэй ирээдүйн эздийг бэлдэхэд энэхүү аяллын зорилго оршиж байна. “Хөх цэрэг” үндэсний аяллыг Монголын лектор төв, Хөх цэрэг клуб зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн аяллыг Соёл спорт, аялал жуулчлалын яам дэмжин оролцож байгаа бол Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Яаралтай түргэн тусламж 103, Miss Mongolia association, Амжилтын төлөө хамтдаа ТББ-ууд хамтран ажиллагч байгууллагаар оролцож байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.