Үр тарианы хураалтын явц 88.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай байна
Аравдугаар сарын наймны байдлаар улсын хэмжээнд 28.8 мянган га-г ангилан хадаж, нийт 241.1 мянган га-гаас 204.4 мянган тонн үр тариа, 10.7 мянган га-гаас 100 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 71.6 мянган тонн хүнсний ногоо, 26.1 мянган га-гаас 31.1 мянган тонн тэжээлийн ургамал, 16.2 мянган га-гаас 8.2 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.
Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд үр тарианы хураалтын явц 88.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай байгаа талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы 31.9 мянган га, төмс, хүнсний ногооны 1.2 мянган га, нийтдээ 33.1 мянган га талбайн ургац хураагдаагүй байна.
Нийт 13 аймагт ургац хураалт дууссан бол найман аймгийн ургац хураалтын ажил ирэх долоо хоногт дуусах төлөвтэй байгаагаас үр тарианы таримлын хураалт Сүхбаатар аймагт 49.8 хувь, Дорнод аймагт 74 хувь, Өвөрхангай аймагт 75.7 хувь, Дархан-Уул аймагт 84 хувь, Хэнтий аймагт 94.5 хувь, Төв аймагт 91.1 хувь, Булган аймагт 96.2 хувь, Сэлэнгэ аймагт 86.6 хувьтай явагдаж, бусад аймгуудад дууссан дүнтэй байгаа ажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон нойтон цасны улмаас ургац хураалтын явц зургаан аймагт түр саатаад байна. Эдгээр аймгуудад нийт 7.9 мянган га талбайн ургац цасанд дарагдсан байдалтай байгаа юм.
2017 оны ургацын урьдчилсан балансаар 288 мянган га-гаас 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 11.2 мянган га-гаас 102.3 мянган тонн төмс, 6.9 мянган га-гаас 75.7 мянган тонн хүнсний ногоо, 46.5 мянган га-гаас 23.6 мянган тонн тосны ургамал, 43.5 мянган га-гаас 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тогтоогоод байгаа юм. Ургац хураалтын ажил аравдугаар сарын 15-наас өмнө дуусах төлөвтэй байна.