Түүх түүхээрээ үлдэг: Социалист хот гэж яг энэ

2017 оны 10 сарын 05

Та бидний хэний маань ч амьдрал нийгмээсээ эх сурвалжтай, бас нөхцөлдөнө. Та бид тэр нийгмийнхээ тусгал нь юм. 1960-1970-аад оны хотожсон түүхээ дурсамж, сургамж болгох зорилгоор яг байснаар нь дор хүүрнэсүгэй. Ингэхдээ социализмаа санагалзагч донтонгуудад хандаж, ХХ зууны Монголын түүх рүү бяцхан аялал хийв. Яг тийм нийгэм байсан, тийм хөгийн, марзан, инээдтэй үзэгдэл бишгүй нэг байсан юм шүү гэдгийг хойч үедээ, залуустаа мэдүүлж таниулах гэгээн зорилгод хөтлөгдлөө.

Социализм, капитализмын ял гаа зөрүү, сайн мууг бараг бүх насаараа заалгаж мэдсэн хэрнээ адил төстэй талыг нь бид мэддэггүй шүү дээ. Дундад давхаргад түш сэн нийгэм гэдгээрээ яг адил байдаг. Социализм нь хавтгайд нь тэгшитгээд дундчуудыг хүчээр буй болгодог бол капитализм нь дундад давхаргыг улам ихэсгэх замаар нийгмээ тэгшитгэн, нийтээр нь баяжуулдаг. ингэж баяжиж ядуу рах, дээшлэх доошлох нь капитализмд төдийлэн мэдрэгддэггүй, энэ нь савалдаг үйл явц биш юм. Харин Монгол мэтийн шилжилтийн орнуудад яс маханд тултал мэдрэгдэж байгаа. Яагаад?

1921-1950иад оны Монгол бол үндсэндээ нүүдэлчин төрхөө хадгалж байсан тул энд би дэлгэрүүлэхгүй. Харин 1950-иад он бол Монголын социализмын байгуулалтын нэг үе шат, харин монголчууд бол иргэншин хотжиж эхэлсэн түүхэн үе шатны яг эхлэл нь. Чухам тэр үед л нийтээрээ бөөснөөсөө салж, “соёлын довтолгоо”-ноор анх удаа ор дэрний цагаан даавуунд унтаж, саван сойз хэрэглэж сурч, халуун усанд орохын ид шидийг амссан нь нууц биш.

Ардчиллын жилүүдэд л манай нийгэм задгайрсан гэх суртлыг няцаамаар байна

Биет жишээ нь би ба бидний үеийнхэн бэлээхэн байж байна. Мах, гурил, давс монголчуудын ганцхан хоол байсныг тэр үед халж, анх удаа хүнсний ногоо төмс, жимс жимсгэнэ нийтээрээ амсаж эхэлжээ. Гуйлгачин тэнүүлчин төрхөө гээж эхэлсэн энэ үеийг социализмын алтан үе гэх нь хаашаа юм, ерөөсөө аль 1950-иад он руу ухарч мөрөөдөх нь утгагүй хэрэг. Гэхдээ дэвшил байсан уу, байсан. Хүүхэд, залуу, идэр насандаа түүнээс нь бид амсацгаасан бүхэл бүтэн шинэ, азтай үеийнхэн.

Нийгэмд шинэ үе төрж, “40 мянгатынхан” бид анхдагч нь болцгоосон. “Соёлын довтолгоо”ны тухай яриа бидний хувьд ул суурь болж, сурах гэгээрэх, дэлхийг таних хүсэлд хөтлөгдөж, цаашлаад телевиз, барууны дуу хөгжим (“Beatles”) биднийг Монголын доторх “Монгол” болгосон юм.

Адаглаад л хүний нэрнээс нь аваад үз л дээ. 1950-иад оноос өмнө бараг бүх нийгмээрээ шахуу төвөд нэртэй, нэрнийхээ утгыг хэн ч мэддэггүй, бүхэлдээ “Дорж”, “Дондог”, “Дулмаа”, “Сүрэн”... байсан бол хотожсон бидний үеийнхэн нэлдээ “Баяр”, “Болд”, “Ганболд”, “Батбаяр”, “Энхтуяа”, “Энх”-үүд, “Ган”-гууд болоо биз дээ. 1980-аад он болохоор “Уянгаа”, “Ундрам”, “Номин”, “Хулан”, “Халиун” гэж чамирхаад, 1990-ээд болмогц “Чингис”, “Өэлүн”, “Лигдэн”, “Мандухай” гэж үндсэрхээд хүний нэр хүртэл хувьслын зам туулжээ. Хувьслын гэх үү, туйлшралын гэх үү, харин уншигчид л мэдтүгэй.

1960-аад онд нийслэлд маань орон сууцны анхны хорооллууд бий болж, монголчууд төрөл арилжиж эхэлсэн. Хот орж ирсэн хөдөөний хүнд бол анхны сэтгэгдэл нь ямартай ч гэгээтэй байсан болов уу. Богдын ногоон орд, Төв музей, Дүрслэх урлагийн музей, “Элдэв-Очир”, “Ард” кино театр, Ленин клуб, дуурь, драмын театр, Хүүхэд залуучуудын төв парк, сүүлхнээр Хувьсгалын музей гээд үзэх үзвэр, сонирхох зүйл тэр үед бий болжээ. Чухам л “Азийн цагаан дагина” хэмээх нандин алдрыг нийслэл маань тэр үед хүртсэн.

Ахуй талаас нь нэлээд примитив байдлаар төсөөлж болж байна. Яг бодитой байсан юмыг л би дүрслэнэ. Бидний тэр үеийнхэн өмнөх 10 жилээсээ дээрдсэн, ядаж гар нүүрийн савангаар үс гэзгээ, эдийн савангаар биеэ угааж хэвшсэн, шампунь үс ангижруулагчийн тухайд дээдсүүдэд ч ойлголт суугаагүй, харин Дорнод Европын ах дүү социалист орнуудаас анх удаа савласан жимс, чанамал, ногоо, салат ирж хүн ардын хоолны илчлэг нэмэгдэн, тэр хэрээр хотын хүүхдүүдийн царай цайж, бие нь өсгөлүүн болж иржээ. Биет жишээ нь мөн л бидний үеийнхэн байна. Архивт хадгалагдан буй кино дүрс, фото зургаас үзэхэд 1920-1930-аад оны монголчууд гэж дандаа хөх үдээр шиг царайтай, нүд шүд нь гялалзсан, түнтгэр хар юмнууд харагддаг даа. Түүнтэй харьцуулан хэлж байна.

Октябрийн баяраар алим, ёолкоор мандарин амталдаг уламжлалыг ямар ч атугай тогтоож чадсан нь сэтгэхүй талаасаа том хувьсгал байлаа. Тэр үед “Төгрөг 40ийн талх” үнэхээр хүртээмжтэй байж. Гаслантай юм ч зөндөө байсан. Дэлгүүрт мах, сүүн дээр бөөн зодоон, урт оочер, цагдаагийн зохицуулалт, монголчуудыг оочерлоход дасгаж сургасан байв. Миний л ухаан суухын оочерлох гэдэг нь 1960-1970-аад оны зааг хавьд ердийн үзэгдэл байсныг хэн ч үгүйсгэхгүй. Октябрийн баярын алиман дээр зодолдоод лангууг нь эвдээд хаячихсан, оочер нь УИД-ийн хаалгаар гараад явчихсан байхтай бишгүй л таарч байлаа. Би л лав эмээдээ сүү хайгаад бидон санжигнуулаад хотоор мөн ч их тэнэдэгсэн. Махан дээр аав, ээж, эмээ гурав зэрэг оочерлоно шүү дээ. Сүүлд 1980-аад онд махны дараалал дээр аав, ээж, эхнэр, бид дөрвүүлээ зогсдог байлаа. Тэр үеэс л хүнсний дэлгүүрийнхний мафийн сүлжээ буй болсон. Монголын ихэнх өрх айл үдийн хоол гэдэг ойлголтгүй л байсан даа.

1960-1970-аад оны хотын ихэнх хүүхэд “талх, масло, крантны ус” гэдгээр л өссөн. Хааяа нэг молоко (цэнхэр цаасан гадартай, лаазтай) олдвол азны юм, талхан дээр түрхээд идэх нь ёстой тансаг хэрэглээ байжээ. Тамхины иш түүж тамхичин болсон нь одоогийн насанд хүрсэн бараг бүх тамхичид байх шүү. Энэ бол ердийн үзэгдэл байсан юм шүү гэдгийг өнөөгийн залуустаа сонирхуулж байна л даа.

1960-1980-аад оныг дуустал бахархах юм нийгэмд маань байх нь байсан. Гол бахархал бол траншейны иргэд, тэнэмэл хүүхэд, Лениний хөшөөний дэргэд биеэ үнэлэгчид гэж байсангүй, бас компанийн эзэн, босс, элдэв алдартан, өргөмжлөл гэж байсангүй. Ажил эрхэлж л байвал хавтгайдаа ойролцоо цалинтай, нийтээрээ тэгшхэн дундчууд. Хотод амины автомашин тоолбол гарын таван хуруунд багтах ба хэрэв амины машины сонирхолтой хүн байх аваас нийгмээс шахан зайлуулна. Гэхдээ нийгэмд ялгарал байсан юм шүү. Жишээ нь Их Тэнгэр, Нүхт дэх зуслан чухамдаа ард түмэнд зориулагдаагүй, ихэс дээдэс тэр үеийн Улс төрийн товчоо, сайд нарын зөвлөл, Төв хорооны дарга, сайд нар, нийтдээ 100 хүрэхгүй гэр бүлийнхний хувийн цэнгээний эдлэн мэт.

Тэдний үр сад зөвхөн Орос гурав, нэг ба 23 дугаар сургуульд л явна, эхнэрүүд нь Зөвлөлтийн цэргийн госпитальд төрнө, өөрсдөө өвдвөл “Тусгай хоёр”, болохгүй бол Москвад Кунцево гэх бэлэн эмнэлэг байна. 1980аад онд Улаанбаатар хотод мах, сүүний хангалт тартагтаа тулаад Намын хянан шалгах хорооны дарга Д.Дэжидийг Төв хорооны хөдөө аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн даргаар тавьж, хотын мах, сүүг хариуцуулж дээрээс нь лантуудуулж байсныг олон хүн санаж байгаа байх. Тэр үед “Орос дэлгүүрийн пропуск” гэгч дажин дэгдэж, олон ч айлын амь амьдралыг авч явсан ба “Мэргэжилтний 20”, “сайд нарын 10”, “Орос дэлгүүр” гэсэн хэдхэн газраас манай ихэс дээдэс голоо зогоож, хооллож хувцаслаж байсан нь худал биш.

Хоол хүнсэн дээр 19601980аад онд дээрдсэн юм ердөө ч байгаагүй. Октябрийн баяраар алимаа идээд л, ёолкноор ман даринаа тараагаад л, мах, сүүн дээрээ зодолдоод л. Нийтийн хоол гэж авах юм байхгүй. идсэн болгон нь хордлого, ходоодны шарх авчихаар. Бид чинь цалингаа буухаар л хааяа нэг Улаанбаатар, Баянгол ресторанд орж хуйцаа иддэг байлаа шүү дээ. Түүнээс өөр сайн сайхан хоол Монголд байгаагүй дээ. суудал хүлээгээд үүдэнд нь оочерлож орно. Заавал зангиатай ор гэж шаардана. Оюутан цагаа эргээд санахад бид стипендээ авчихаад байнга Баянгол руу хурдална. Хуйцай зургаан төгрөг, дээр нь хоёр шил нийслэл пиво аваад цэнгүүн дуусаа.

Цагаан сар, шинэ жилээр оймс тэргүүтэн хамгийн түгээмэл бэлэг байсан, одоо ч бэлэглэсээр л байгаа. Албан газрууд тэргүүний сайчуулдаа хятад халуун сав, хятад үзэг (25-ын үзэг) гардуулна. Архины наймааны маш том мафи үүсэж, энэ мэтээр махны, сүүний, бүр цаашлаад эмэгтэй өвлийн гадаад гутлын, хүүхдийн гутлын гэхчлэн ховордуулж үнэ хүргэх юу л байна, тэр бүхний цаана нууц сүлжээ махинац үүсээд байв. Дамчин, дамын наймаа гэж тэр үеийн ховорхон мэргэжил нийслэл хотод ид цэцэглэсэн. Ховордуулж үнэ хүргэгчдийг тэгж нэрлэж байв. Тэр үедээ гэмт хэрэгтэн мэт санагдаж байсан байх. 1990-ээд оноос харин ч түгээмэл, нэр хүндтэй мэргэжлийн нэг болсон доо. Энэ бол ядуурлаас үүдсэн дамын наймаа цэцэглэж байсан нь тэр. Ялангуяа залилан, шамшигдлын хэрэг дийлдэхээ болиод 1965 онд Улс төрийн товчооны 340 дүгээр тогтоол гэж хүртэл гарч байжээ.

Энд би бас нэг зүйлийг хатуу хэлмээр байна. Ардчиллын жилүүдэд л манай нийгэм задгайрч гэмт хэрэг сад тавьсан юм шиг, социализм нь ариун цагаан, хүнлэг гэмгүй нийгэм байсан мэт суртлыг эрс няцаамаар байна. Социализмын материал техникийн бааз маань хотжилтоор эхлэхдээ элдэв сөрөг үзэгдэл дагуулсны зөвхөн ганц нэг жишээг би дээр зах зухаас нь дурдсан, баримтаар дор дэлгэрүүлье. Энд бахархал бус, түүхэн гашуун үнэнийг мэдрүүлэх үүднээс бичиж байна. суурин газрын хатуу ширүүн, харгис хэмнэл бидний амьдралд аль социализмын үед ороод ирчихсэн байсан юм шүү дээ.

Улаанбаатар хотод олон арван атаман, овгор товгор, хогийнхны бүлгүүд ид цэцэглэсэн нь тэртээх социализмын үеэс л эхтэй. Нутгийн овгорууд хаа л бол хаана ханхалзаж, гаднын банди нарыг мөн ч их шоглодогсон. Аймгийн төв, сумын төв хүртэл сэтэртэй нэг буюу нэг хэсэг атамантай байх, бүр заавал шүү, бараг л жам ёсны үзэгдэл байсан юм болов уу. Ширүүхнээс нь нэрлэвэл хулиганы тоо, гэмт хэргийн өсөлтөөр сүхбаатар, Дархан болон Чойбалсан хотууд нийслэлийн дараа бичигдэж байсан болов уу.

Миний өссөн нэгдүгээр 40 мянгат, 50 мянгатын горьтиг дотор л гэхэд “Мангарын бүлэг”, рихард ба пацаан Зоригоо, Зуундарь, “Ардын багш”, Хишигбуян, жаахан томроод ирвэл хужаа Дашаа, Мундаа, Чойлон гээд алдартай хулиган, хулгайч, овгор товгор атаманууд 40 ба 50 мянгатаас л төрж, тэд хэрэг түвэг тарьж явсан ширүүхэн, халгаатай үе байлаа. Би заримыг нь танина, нөгөө домог болсон Чойлонтой танилцаж л явлаа. Тэрээр цаазлуулсан уу, үхсэн үү, бүү мэд. Миний сайн санаж байгаагаар, манайд 1970-аад онд пянз, жинсний дээрэм, хулгай, залилан газар авсан. Бүр манай нэртэй дипломатчдын хүү нь хүртэл хулигануудын гарт эрсдэж байв.

Хөдөөнөөс хотыг зорих их нүүдэл тасралтгүй үргэлжилсээр ирсэн гэж би үздэг

1960-1970-аад оны тэр олон атаман, овгор товгор, хогийнхны бүлгүүд чинь чухам л социалист нийгмийн бүтээгдэхүүн байсан юм. Онцлог нь тэр олон бүтэлгүй нөхөд траншейнд өсөөгүй, бараг бүгдээрээ баатарчууд, пионерээр дамжаад, зарим нь МХЗЭийн гишүүн ч явсан байх. Одоо ихэнх нь алга даа. ганц нэг нь архичин болоод 40 мянгатын довоо сахиж яваа харагддаг л юм.

Биеэ үнэлэх явдал ардын хувьс галын жилүүдэд, тухайлбал тэртээх социализмын үед ил, далд ямар нэгэн хэмжээгээр байсан. Гадаадын мэргэжилтнүүдээр явж амьдралаа залгуулдаг, биеэ үнэлдэг явдал чухам тэр үеэс л үзэгдсэн. “Унгар мэргэжилтэн” гэж цуутай эрс байв шүү дээ. Мэргэжилтний байраар явдаг бүлэг биеэ үнэлэгчдийг НАХЯ хүчрэхгүй мөн ч их зовсон доо.

Тэгшилгэл, ядуурлыг илтгэх өөр нэг инээдтэй баримт дурдъя. Надад тохиолдсон учраас би сайн санаж байна. Уншигч та үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 1982 онд Монгол-Хятадын хилийн шалгалтаар Замын-Үүдэд явж байлаа. Олон улсын галт тэрэгний цуваа гэж чухам л энэ тосгоны бүх хүн ардын хүсэн хүлээсэн жаргал нь байх шиг. Галт тэрэгнээс гаднын хэн нэгэн жуулчны хаях ундаа, пивоны хоосон лаазан дээр алалцдаг шахуу байлаа шүү дээ. Тийм лаазнууд нь Замын-Үүдийн аль өнгөтэй өөдтэй айлын гэрийн чимэг болж байсан юм л даа. Тийм лаазанд чихэр, давсаа хийгээд сервантандаа тавьчихна, элс дүүргээд төмөр ороо ивчихнэ. Гэрийн чимэг нь, чухам баяжиж нүд тайлсны хэрэг юу байна гэсэн аятай. Инээдтэй байгаа биз?

Манай нийслэл социализмын үед хотжихдоо л экологийн асуудал үүсгэсэн. Гэр хороолол тэр үеэсээ л утаа униартаа идэгдсэн юм. Их үү, бага уу гэдэгт ялгаа бий л дээ. Эзгүй хээр талд гэр хэмээх жижигхэн овоохойд амьдардаг, өнөөгийн соёлт ертөнцөөс тасарсан харанхуй балар эртний байдал гэр хороололд нэг их хавтгай биш ч, мэр сэр байсаан.

Тэр үеийн (одоо ч бүр дордоо биз) гэр хорооллууд гэж шавар шалбааг нь дэндсэн, хашаанууд нь нурж унахаа шахсан, хулгай дээрэм ихтэй, дээрэм тонуулд ч өртөж болохуйц, орой үдэш бол гаралтгүй, тийм л дүр зураг миний ой тоонд үлджээ. Ноорхой гэрт хөдөөнөөсөө ч дор амьдарч байгаа нүд халтирам хүүхэд хөгшидтэй 1987 оны намар иргэний бүрт гэлийн ажлаар хэд хоног томилогдон явахдаа Таван буудал, Зургаан буудалд хангалттай тааралдаж байснаа сайн санаж байна. Хөдөөнөөс нийслэлийг зорих их нүүдэл шувтан үргэлжилсээр ирсэн гэж би хувьдаа үздэг. Чухам их үү, бага уу гэдэг нь өөр асуудал. Гэр хорооллын борог амьдрал огтхон ч өөрчлөгдөөгүй явсаар Ж.Батмөнхийн эринг үдэж, ардчилалтай золгосон доо. Тэр ядуурал, гэмт хэрэг, утаа тортог, хүншилгүй нийгмийг социализм маань тэмцээд тэмцээд даан ч арилгаж хүчрээгүй дээ. 

Олхонуд Баярхүү судлаач профессор

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
47792
1 эможи
keyboard_arrow_up