Ахмадын өдрийг 25 ДАХЬ ЖИЛДЭЭ тэмдэглэнэ

2017 оны 9 сарын 30

НҮБ-аас жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Ахмад настны олон улсын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргаад 27 жил болж байна. 1990 оноос дэлхий дахинд тэмдэглэсэн ахмадын өдрийг манай улс 1992 оноос эхлэн тэмдэглэх болжээ.


“НАСНЫ ХИШИГ”-ИЙН ДАВТАМЖ НЭМЭГДЭХ ҮҮ?

Энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс  “Ахмад настны тухай хууль” хэрэгжиж эхэлсэн. Шинэ хуулиар ахмадууддаа хэрхэн яаж халамж хүртээх вэ гэхээс илүүтэйгээр ахмад настны эрх, хөгжил, эрүүл мэнд, нийгмийн оролцооны асуудал буюу нийгмийн идэвхтэй байх, хөдөлмөр эрхлэх боломж нээж өгснөөрөө онцлог юм.   Мөн өнгөрсөн оноос эхлэн ахмад настнуудад жилд хоёр удаа “Насны хишиг” олгодог боллоо.  Эрх баригчид эдийн засаг үргэлжлэн сайжрах хэрээр  жилд “Насны хишиг” олгох давтамж, мөнгөн дүнг нэмэгдүүлнэ хэмээн амласан. Харин шинэ засаг бүрэлдмэгцээ энэхүү амлалтыг үргэлжлүүлэх эсэх нь өнөөдөр тодорхойгүй байна.

Сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой ахмад настны тоо нэмэгдэх болжээ.  Тиймээс 'Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр'-ийг жил бүр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл баталж, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажилтан хэрэгжүүлэхээр хуульчилсан юм. Энэ  дагуу “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, цөөнгүй ахмад настныг  түр ажлын байраар хангасан гэнэ. Хөтөлбөрт зориулж 1.5 тэрбум төгрөг зарцуулах юм.

ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЭЛД 162.5 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Улсын хэмжээнд 70 мянган тэтгэвэр авагч 57.3 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлттэйгээр буюу жилийн 15 хувийн хүүтэйгээр авсан гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд онцолжээ. Ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү урьд нь 18 хувьтай байсан юм. Түүнчлэн богино хугацааны буюу зургаан  сар хүртэлх тэтгэврийн зээлийг  ямар нэгэн хүү, шимтгэлгүйгээр ахмадууд, зорилтод бүлгийнхэндээ шууд олгож эхэлснийг салбарын сайд тодотгосон байна.

Хэтдээ бол  ахмадуудаа зээл, тусламжаар амьдралаа залгуулах биш амьдралд хангалттай хүрэлцэхүйц хэмжээний  тэтгэвэр тэтгэмжтэй болгоход анхаарах нь хамгаас чухал билээ. Тиймээс удахгүй эхлэх намрын чуулганаар  “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”-ийг хэлэлцүүлж, тэтгэвэр тогтоох аргачлалыг улам боловсронгуй болгох бодлого барьж буй гэнэ. Өчигдөр өргөн барьсан 2018   оны төсвийн төсөлд  162,5 тэрбум төгрөгийг тэтгэврийн нэмэгдэлд  зориулахаар суулгажээ.

АХМАД НАСТНЫ ТОО УЛАМ БҮР НЭМЭГДЭНЭ

Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байна. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151,2 мянга байсан бол 2013 онд 170,3 мянган болж нэмэгдсэн байдаг.  Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэйг онцгойлон мэдээлсэн байдаг. Эндээс хүн амын дунд ахмад настны эзлэх хувь улам бүр өсөх дүр зураг харагдаж байгаа аж.

2000 онд улсын хэмжээнд 60 болон түүнээс дээш насны 149 мянган ахмад байсан бол энэ тоо 2040 онд 673 мянгад хүрч нэмэгдэх судалгаа гарчээ. Тиймээс нийгэмд  ахмад настнууд томоохон байр суурь эзэлнэ гэдэгт өнөөдрөөс эхлэн бэлтгэж, нас дорой болсон эсэхээс үл хамааран хүний ёсоор эрхээ эдлэн амар тайван, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах цаг иржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47609
0 эможи
keyboard_arrow_up