Цалин нэмүүлэх шаардлага тавьж буй багш нарын тэмцэлд ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

2017 оны 9 сарын 29

Монголын багш нарын цалинг нэмэх асуудлаар Засгийн газар одоог хүртэл тоймтой хариу ирүүлээгүй байгаа учраас сануулах ажил хаялтыг орон даяар хоёр ч удаа зохион байгуулаад байгаа билээ. Сануулах хоёр өдрийн ажил хаялтын  шаардлагыг хүлээн аваагүй нөхцөлд  цаашид хугацаагүй ажил хаялт хийхэд бэлэн байгаагаа багш нар мэдэгдсэн.Тэгвэл багш нарын цалингаа нэмүүлэх гэсэн энэхүү тэмцэлд эцэг эхчүүд нэгдэж, дуу хоолойгоо нэтгэхээр болсон байна.

Тодруулбал, багш нарын зүгээс тавьж буй цалингаа нэмүүлэх тухай шаардлагыг эцэг эхчүүд дэмжиж “Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбоо”-г үүсгэн байгуулжээ.  Багшдаа туслах эцэг эхчүүдийн холбоо нь “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны үйл ажиллагааг дэмжиж, бүх сургуулиудын эцэг эхчүүдийг нэгдсэн удирдлага дор нэгтгэх зорилготой аж.



Тэгвэл өчигдөр Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбооны зүгээс Монголын сурагчдын холбоо, Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооны гишүүдтэй хамтран Сүхбаатар дүүргийн II болон VI сургуулийн эцэг, эхийн зөвлөл, аав ээжүүдтэй уулзаж санал солилцлоо.

Энэ үеэр Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Д.Дуламсүрэн, “Багшийн цалин нэмэх түр хорооноос хийж байгаа үйл ажиллагааг эцэг эх болон сургуулийн зүгээс дэмжиж, цаашид юу хийх ёстой вэ? гэдэг тал дээр өнөөдөр бид санал солилцож байна.

Сургууль, багш, эцэг эх гэсэн гурвалсан хамаарал дээрээс хүүхдийн сурлагын чанар нь дээшилдэг. Манай холбоо төрийн бус байгууллагын журмаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид багш нартайгаа хамтарч ажиллахаас гадна энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй бусад байгууллагуудтайгаа харилцан туслах, мэдээлэл солилцох, багш нарын тэмцлийн үр дүнг нийгэмд зөвөөр түгээх, бүр болохгүй бол ТББ-ын шугамаар төр засгийн удирдлагуудад багш нарын цалин нэмэх асуудлаар тодорхой асуудлуудыг тавих зорилго тавин ажиллаж байна” гэдгийг онцолсон юм.



Мөн Багшдаа туслах эцэг эхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Ононбаяр, “Монголын багш нарын цалингийн түвшинг дэлхийн бусад орнуудын багш нарын цалинтай харьцуулахад харамсмаар бага байна. Тийм учраас манай төрийн бус байгууллага эхний ээлжинд багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэх эдийн засгийн боломж нөхцлийг судалж, цалин нэмэх асуудлаар эцэг эхчүүдийн гарын үсэг цуглуулах аяныг орон даяар өрнүүлэхээр зэхэж байна.

Багш нар ажил хаялт зарласнаар мянга мянган хүүхдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байгаа боловч нэг өдөр энэ асуудлыг төр засагт ойлгуулсанаар мянган өдрийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа юм. Үүнийг ойлгож, биднийг дэмжиж байгаа эцэг эхчүүддээ баярлалаа” гэв.



Түүнчлэн Монголын Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ ярихдаа, “Боловсролын салбар бол өөрөө “тэргүүлэх” салбар, энд дандаа тэргүүлэх хүмүүс ажилладаг. Тэргүүлэх хүмүүсээ тэргүүлэх хэмжээнд үнэлдэг байх ёстой. Хэрвээ багшийг үнэлж чадахгүй бол монголын боловсрол тэр чигээрээ үнэлэмжгүй  болж Монгол Улс боловсролын ядууралд орно гэж бидний зүгээс үзэж байна. Тиймээс багш нарын цалинг нэг сая зургаан зуун мянган төгрөгөөс илүү нэмэх хэрэгтэй.  Эцэг эхчүүд ч үүнтэй санал нэг байгаа гэдгээ өнөөдрийн уулзалтын үеэр хэлж байна. Багш нар ажлаа хийхдээ санаа зовох зүйлгүй хийгээсэй гэдэг утгаараа багш нарын цалинг нэмэх тэмцэлд манай холбоо нэгдсэн. Яг үнэндээ дөрвөн зуухан мянга төгрөгний цалинтай, 40 50 хүүхдэд хичээл заадаг багш нар монголоос өөр газар байхгүй” хэмээн ярьсан юм.



Мөн эцэг эхчүүдийн зүгээс,“Төр засгийн бодлого шийдвэрийг зүгээр шүүмжлээд суух биш Монголын ирээдүйг бэлтгэж буй багш нараа дэмжиж,тэдний цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулахад эцэг эхчүүдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэхийн төлөө цаашид хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ энэ үеэр илэрхийлж байв.

Х.Онон

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47559
0 эможи
keyboard_arrow_up