СУДАЛГАА: Шүүхэд итгэх ИРГЭДИЙН итгэл дээшилжээ
Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өнөөдөр "Шүүхэд итгэх иргэдийн итгэл" сэдэвт олон нийтийн санал асуулгын үр дүнг танилцууллаа.
Шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг "Монгол Улсад "Шүүхэд итгэх иргэдийн итгэл" судалгааг бид 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд Монгол Улсын нийт шүүхийн 39 тамгын газраар дамжуулж шүүхээр үйлчлүүлсэн болон шүүхээр үйлчлүүлээгүй 3,046 иргэнээс 5 агууламжийн хүрээнд шүүхийн шинэтгэлийн талаарх санал асуулгыг авлаа. Энэхүү судалгааны зорилго нь шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, эргэх холбоо тогтоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах, шүүхийн үйлчилгээнд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино" гэв.
Судалгаанд оролцогчдын:
- 32.5 хувь шүүгчийн мэдлэг, чадварт эргэлздэг,
- 45 хувь нь цаашид шүүгчид сайн хүнийг томилох,
- 40 хувь нь шүүгч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Судалгааны дүнгээс танилцуулбал...
ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ ДЭЭШИЛЖЭЭ
Судалгаагаар иргэдийн 63.1 хувь шүүхэд итгэдэг гэсэн үзүүлэлт гарсан нь шүүхэд итгэх иргэдийн итгэл сайн байгааг харуулж байна.Шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнөх 2007 оны судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл 30 орчим хувьтай байсан бол 2015 оны байдлаар иргэдийн итгэл 60-80 хувь болж өссөн гэсэн судалгааны үр дүнг энэ удаагийн судалгаа нотолж байна.
ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛ ИРГЭДЭД ХҮРЧ БАЙНА
Иргэдийн 47.4 хувь нь шүүх шинэчлэгдэн сайжирч байгааг мэдэрсэн гэсэн хариулт өгснөөс үзвэл шүүхийн шинэтгэл бодитой үр дүнд хүрснийг иргэдийн тал хувь нь шууд хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болохоор байна.
Иргэд шинэтгэл ерөнхийдөө мэдрэгдэж байна, эвлэрүүлэн зуучлал үр дүнтэй хэрэгжиж байгаа, шүүхийн үйлчилгээ өмнөхөөсөө мэдэгдэхүйц сайжирсан гэдэгтэй хамгийн их санал нийлжээ.
Түүнчлэн шүүхийн үйлчилгээнд цахим инноваци нэвтэрсэн, шүүхийн шийдвэр нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод болсон гэдэгтэй иргэдийн олонх санал нийлжээ.
ШҮҮГЧДИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ИРГЭД ҮЗЭЖ БАЙНА
Үүнээс үзэхэд манай улс мэргэшсэн хуульч бэлтгэх тогтолцоог сайжруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд шүүгч, ажилтнуудыг бэлтгэдэг, дадлагажуулдаг коллежтой болох, зэрэг шүүхийн хүний нөөцийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх шаардлагатайг тус судалгааны дүн харуулж байгаа юм.
Судалгааны зорилгод үндэслэн олон нийтийн санаа бодлыг дараах байдлаар томьёолж, мэдээлэл цуглуулсан байна. Үүнд:
- Шүүхийн үйлчилгээ, хүндрэл, бэрхшээл;
- Шүүх өөрчлөгдсөн эсэх, шүүхийн өөрчлөлт;
- Шүүхэд итгэх иргэдийн итгэл, шударга байдал;
- Шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүгчийн талаарх иргэдийн төсөөлөл;
- Шүүхийн шинэтгэлд цаашид тулгарч буй сорилт.