Өнгөрсөн сард хоёр хүн албан тушаалын ИЛТ АШИГ СОНИРХОЛТОЙ байсан
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хурлын үеэр 2017 оны есдүгээр сард хийж гүйцэтгэсэн ажил, тус газраас хэрэгжүүлсэн ажлуудын талаар танилцууллаа.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т. Баярхүү "АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсээс зорилтот бүлэг буюу төрийн байгууллага, албан тушаалтнуудад чиглэсэн урьдчилан сэргийлэх сургалтыг тогтмол явуулдаг. Өнгөрсөн сарын хугацаанд нийтдээ 484 хүнд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулсан. 2017 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн АТГ-ын олон нийтийн төв дээр энэхүү зорилтот бүлгүүд рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлуудыг тогтмол цаашид зохион байгуулж явуулахаар болсон.
Мөн, олон нийтийн төвд Авлига хүнд суртлыг мэдээлэх 1800-1969 утсыг тогтмол ажиллуулж иргэд олон нийтээс авлига албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил болон хүнд суртлын тухай мэдээллийг хүлээн авч ажиллаж байна. Өнгөрсөн сард нийтдээ 17 дуудлага хүлээн авснаас 10-ыг нь бүртгэн авч, 7 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгсөн байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд авлигатай тэмцэх газрын 7 ажлын хэсэг нэг жилийн хугацаанд ажилласан" гэв.
Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчдыг төрийн албанд орох, сэлгэн томилох, дэвшин томилох үед хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянадаг байна.
Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар "Өнгөрсөн сарын хугацаанд 588 хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хянасан. Үүнээс илт ашиг сонирхолтой 2, зөрчилгүй 534, буцаасан 20, анхааруулсан 32 байлаа.
Илт ашиг сонирхолтой гэж үзсэн хоёр хүн нь Гадаад Харилцааны Яамны Консулын газрын мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн н.Дашням болон Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Ж.Хатанбаатар нар юм" гэв.
Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн "Есдүгээр сард нийт 287 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулсан. Өмнөх оны мөн үед 193 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Энэ нь 48.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мөн есдүгээр сарын байдлаар нийт 83 хэргийг шүүхэд шилжүүлэх, 42 хэргийг хэргэсэхгүй болгох, 34 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 14 хэргийг өөр хэрэгт холбож, 3 хэргийг түдгэлзүүлэх саналтай байна.
Энэ жил 34 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. Үүнээс бид 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна" гэв.