Д.ТӨРМӨНХ: Сайн нь миний сайных, муу нь миний муугийнх...

2017 оны 9 сарын 22


Н.БАТ

Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

 
-Таны бичсэн хоёр ч ном Оросод хэвлэгдэхээр болжээ.Та сүүлийн үед ном л бичих болж. Энэ тухай яриагаа эхлэх үү?
-Харин тийм. Би уг нь телевиз, киноны хүн гэвч кино хийх гэхээр мөнгө хэрэгтэй болдог. Ганц нэг кино зохиол продюсерт  бичиж өгч хэдэн кинонд оролцсон. Одоо ч надад биччихсэн 5-6 кино зохиол байх ч мөнгө санхүү олдохгүй болохоор л номруу орсон. Өмнө нь дэлхийн 23 шагналтай хүн байж зуун саяын төсөвтэй кино хийлтэй биш.  
“Санкара” гээд өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн баримтат уран сайхны эссэ роман бичсэн юм. Тэрнээсээ нэг дэвтэрийг таслаж аваад “Чөтгөрийн хотын тэмдэглэл” гэж нэртэй ном болгоод  1000 хувь гаргаж туршсан. Гарсанаасаа хойш 5 жил болж байж арай чүү дууссан болохоор бүхлээр нь хэвлэх хэрэггүй юм байна гэж ойлгосон. Тэгээд гадагшаа гаргах санаатай англиар орчуулаад хадгалсан. Бас Энэтхэгт тэр гарах тухай яригдаж байгаа. Мөн найз нөхөддөө л и мэйлээр өгч уншуулдаг. Анх Аюурзана найздаа уншуулсан их урам өгсөн. Уншсан хүмүүс их ам сайтай байдаг юм. Х.Баттулга анд маань 3 жилийн өмнө уншаад өөрийнхөө тухай ном бичүүлэх санал тавьсан. Тэр үед түүнийг шоронд хийх нь холгүй байсан болоод би шууд за гээд бичсэн юм. 
 Тэгээд “Миний мэдэх женко Баттулга” ном гарсан юм. Түүнээс хойш “Миний мэдэхгүй З.Энхболд”, “Төрийн хүн Дорлигжав” гэж хоёр ном бичсэн. Одоо Лу.Болдын тухай “Амин насны урсгал”  гэж бас нэг ном “Түмний нэг хөрөг цуврал”ын хүрээнд бичиж байна. Ирэх жил гарах байх.
 

-Оросын тал хэвлэж гаргах гэж байгаа нь ерөнхийлөгчтэй л холбоотой ном болоод тэр үү?
-Юрий Николаевич Кручкинтэй би эртний найз нөхөд юм. Түүнд 2 номоо өгч харж байхгүй юу оросоор гаргах санаа байгаа гээд жилийн өмнө өгсөн юм. Тэгсэн Аюур (Юрий гэдгийн монгол хувилбар) уншчихаад маш их таалагдлаа би аль алийг нь орчуулна гээд эхэлсэн байтал Х.Баттулга маань ерөнхийлөгч болчихсон хэрэг. Тэгээд тэр хоёр номын анатацийг Орсуудруу явуулсан чинь Монголд халхын голд байлдаж байсан нисгэгч ЗХУ-ын хошой баатар С.И.Грицевца гэх хүний нэрэмжит ”Победитель ” сангийн нөхөд тэр хоёр номыг өөрсдийн хөрөнгөөр хэвлэж Орос орноор тараах тухайд санал тавьж.

-Гэрээ зурчихлаа гэж фэйсбүүкээс чинь харсан хэдэн хувь хэдийд гарах юм?
-Орчуулга дуусангуут би энд макет, дизайныг хийгээд Оросын томоохон 5 хотод гаргах гэж байгаа Петербургийн том паблишер компани байгаа юм. Эхлээд “Миний мэдэх женко Баттулга“ гарна гэхдээ төрийн хэрэгцээнд ч гэхүү дээ Кремль, хуучин Оросын олон республикүүдэд тараах юм байна лээ. Албан хэрэгцээнд гэхүү дээ. Оны заагт л гарах байх. Тэгээд дараа нь дахиж гэрээ хийгээд хоёр номоо нэг зэрэг худалдах тоо, тиражийг тохирч  тусдаа гэрээ хийх юм. Одоо бол тандалт маягаар “Победитель” сан санхүүжүүлээд албан хэрэгцээнд гаргаж байгаа гэж ойлгосон. Дараа нь өнөөх хэвлэлийн  компани дахиж надтай гэрээ хийх юм билээ. Энэ удаад цэвэр бидэнд тусалж байгаа хэрэг юм. Тэр паблишер энэ сан хоёр холбоотой юм билээ.
 
-Бас сая саналаа Д.Энхболд зохиолч “Өглөөний сонин”д өгсөн ярилцлагдаа Санкараг их магтсан байсан. Санкара гэж юу гэсэн үг юм. Тэр номоо Монголоор гаргана биз дээ?
-Энэтхэгийн эртний пали хэл буюу бурхан багшийн хэлээр хариу үйлдлийг санкара гэж нэрлэдэг юм. Бас л алсдаа өөрчлөөд кино болгож мэднэ гээд сонгосон  нэр. Энэ бүх хариу үйлдлээс л үйлийн үр төрдөг юм.

-Яагаад ингэж нэрлэсэн юм. Бурхны шашин ярих хэрэг үү?
-Яахав дээ миний амьдралын түүх гэхээсээ хуучин шинэ хоёр нийгэмд амьдарч яваа хүний хариу үйлдэл, үйлийн үрийн түүх болохоор л тэгж нэрлэсэн юм. Бясалгалын тухайд бас орсон.  Ер нь л манай нийгмийн хэв шинжит дүр л гэж бодож нэгдүгээр биеэс бус хөндлөнгийн нүдээр бичсэн юм. Оросоор гарчихлаар монголоор цөөн хувь хэвлэнэ дээ. Уншихгүй юм байна л гэж ойлгосон доо хэсгээс нь мянгыг хэвлээд 5 жил болж байгаа болохоор.
 
-Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд хэдэн үг хэлээч …Магадгүй түүнийг  хамгийн сайн мэдэх сэтгүүлч би ч байж мэднэ… гэж ном эхэлдэг. Бас та сонгуульд нь ажилсан цөөн хүний нэг. Албан тушаал яагаад авдаггүй юм?
-Би тэр хүний тухай бүхэл бүтэн ном биччихсэн болохоор нэмж юу ч хэлэх билээ дээ. Харин ном маань дуусч байна. 15000 хувь зарагдсан шүү. Одоо хүн бүр чаддаг юмаараа л  “Монгол ялахад” туслах ёстой юмаа. Миний чадах юм кино, ном хоёр шүү дээ. Ерөнхийлөгчөө бид бүгдээрээ сонгосон одоо түүнд бидний дэмжлэг юунаас ч чухал. Түүнээс юм горьдох биш түүнд бүгдээрээ чаддаг зүйлээрээ туслах хэрэгтэй.Тэгж байж л бид өөрсдөө хожно. Энэ бол сонгуулиас өөр дэмжлэг юм.Төрийн тэргүүн манай улс гэрийн тэргүүн болохоор түүндээ туслах хүн бүрийн үүрэг юм шүү дээ.  
Тэгээд ч би одоо Лу.Болдын ном  гээд ажилтай байгаа. Цаашдаа ч ажил ихсэх янзтай өөр хүмүүс ч номоо бичүүлэхээр хандсан байгаа. Ерөнхийлөгч бол одоо ганц миний найз, итгэл найдвар биш бүх 3 сая хүний найз, итгэл найдвар болсон болохоор би элдэв албан тушаал, шагнал энэ тэр гуйхаасаа өмнө чаддаг зүйлээрээ туслах ёстой.
Урдхын л адил фб чатаараа харилцаад, уулзаж учраад л явж байгаа. Кинонд өөрөө дуртай болохоор гаднынхантай хамтарсан кино энэ тэр бол ярьж байгаа. Үндэсний кино урлагийг дэмжих сан гэж би их ярьсан гэхдээ сан гэдэг өөрөө мөнгө гэсэн үг. Тэхээр тийм ч амаргүй. Харин гаднынхантай хамтраад тэдэнтэй Монголоо сурталчилсан кино эхлээд тэндээс санхүүжилт олох тухай яриа бол явж байгаа.
Бас “Бодолд орших Шамбалын орон” гэж нэг том ном бараг хамтарч бичээд  талдаа орчихсон байгаа. Тэрийгээ цааш явуулна…гэх мэт чаддаг зүйлээрээ л төрдөө, түмэндээ тус болно доо.

-Таныг би гайхах юм. Дэлхийгээс 23 шагнал авчхаад байж Монголдоо бол СТА ч байхгүй биз дээ та?
-Тхин. Одоо бол бүр дэмий биз. Найздаа өгчихлөө л гэнэ шүү дээ. Шагналын тал дээр би их өөр бодолтой хүн.Гавьяат гэдэг пенсэнд гарсан хойноо л 150 мянган төгрөг авдаг болоод үхэлдээд байдаг юм шиг билээ. Ийм өчүүхэн шагналтай төр өчүүхэн л байгаа хэрэг биз дээ?
Төр нь гавьяат гэж нэг төмөр зүүлгээд хуураад байх ч гэж. 150 мянга гэдэг чинь ердөө 60 доллар гэтэл тэд 60 тэрбумаар засгаа худалддаг байхаа?  Үүнийг шинэ ерөнхийлөгч бодох биз, нэг удаа шагнавал шагнасан шиг шагнадаг болгоно гэж хэлж байсныг анзаарсан биз. Ц.Элбэгдоржийн тамгын газарт  2008 онд байхаа МоАХолбоо намайг гавъяатад тодорхойлсон юм гэсэн. Ер нь би тэр хүнээс шагнал авах учиргүй хүн шиг билээ. Анх Элбэгдорж өөрөө 1998 онд ерөнхий сайд байхдаа засгийн газрийн 197 тоот тогтоол гэж гаргаад дэлхийн шагнал авсан урлагийн хүнд спортынхон шиг  нэг шагналд 8 сая аас дээш төгрөгийн шагнал олгоно гэж өөрөө эхэлсэн мөртлөө өөрт нь 2004 оны шинэ жилээр нэвтрүүлэг хийх гэж их тэнгэрт очоод бүх бичиг баримтаа өгсөн ч таг өнгөрсөн юм шүү дээ. Тэгсэн мөртөө би хоёр сонгуульд хоёуланд нь түүнийг дэмжиж ажилсан.Тэгээд ч нэмэр болоогүй өнөөх төмөр замын нэвтрүүлгийн дараа нэг уулзаад бүр ч сэтгэл хөрч горьдлогоо орхисон юм.

 
-Хачин юм. Хятад тэрбум хүнтэй ч 23 шагналтай нэг ч хүн байдаггүй гэж дуулсан.
-Тхин. Шагнуулах байтугай 20 жил муу нэртэй л явлаа. Удахгүй хамт кино хийсэн Бельгийн найруулагч Петер Бросенс ирж “Нохой орон” киноны  20 жилийг тэмдэглэх гэж байгаа. Үйлийн үр биз дээ. Одоо номоо яагаад Санкара гэж нэрлэснийг ойлгов уу?(инээв)
 
-Таний нийтлэлүүдийг би уншдаг. Улс төрийн талаар их энгийн бичдэг. Одоо ямархуу байдалтай байнаа, манай улс төр. Таны нүдээр?
-Яахав энэ ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахад хүмүүсийн үндэсний ухамсар их сэргэж. Нүүр ном гэж нэг том талбар байгаа болохоор илүү ч эх оронч, илүү ч үнэнд дурлах болж. Энэ улс төр гэгч зүгээр л мөнгө олох гэсэн бүлэглэлүүд гэдгийг ч ойлгох болж. Хүмүүс худлаа л мөнгө бол чухал биш гэж яриад байдаг ч бүх юм мөнгөнөөс хамааралтай шүү дээ. Улс төр бол мөнгө л олох гэсэн бүлэглэлүүдийн тэмцэл болоод их удсан. Фракц гээд байгаа чинь мөнгөөр бизнесээр л холбогдоод байгаа болохоос ямар юмных нь үзэл бодлоор хуваагдах билээ дээ. Баруун зүүний үзэл гэдэг ч учраа алдсан. Дөрвөн жилийн хоёрыг сонгуульд мөнгөө үрээд үлдсэн хоёр жилд түүнийгээ нугалж авах л ажил шүү дээ. Ардчилсан нам харин ч гайгүй юм байна. Одоо эднийг хардаа. Жаран тэрбумаар хотыг авсан, хөдөөтэйгээ бол хэд ч юм.
Миний бодлоор одоо нийтээрээ худлаа ярихаа болимоор юм. Бүгд л чаддаг чаддагаа хийгээд сайн мөнгө олж сайхан амьдрах хэрэгтэй. Харамсалтай нь ганц мөнгө олдог газар нь улс төр болоод их удлаа. Багш нар ажил хаяж байна зөвш дээ. Зургаан зуун мянган төгрөг  гэдэг доллароор бол 240 доллар биз дээ. Баян хүний ганц балгах архины л мөнгө.  Сая зургаан зуу гэдэг ч ямар цалин юм? Мянган доллар ч хүрэхгүй цалин нэхэж байгаа биз дээ? 600 гаар хэдээр нь байраа, хэдээр нь хоолоо, хэдээр нь хувцас хунараа байг гэхэд үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулах юм? Нийтээрээ ийм болоод л нүүр ном хэрүүлээр дүүрээд байгаа хэрэг. Хэт харьцангуй баян ядуу хоёр хэсэгт хуваагдчихлаа шүү дээ. Ийм маягаар амиа тээж яваа улс өнөөдөр манай хүн амын наян хувь элбэг болсон.

Ерөнхийлөгч энийг маш сайн ойлгож байгаа ч мөнгө санхүүгийн  мэдэлгүй тэр хүн яаж зохицуулах юм?
Засгаа хар өөрсдөө идэж уухаа булаацалдаж унгачихаад одоо өөрсдөө л өдөр бүр бие биенээ нүүр номоор алж сууна. Эд нар биднийг бодоод байгаа гэж сэрүүн зүүдлэхээ болих хэрэгтэй. Тэхээр л өнөөх хувааж цуслаад байгаа газрын доорх баялгийг ард түмэнд үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийг нь эдлүүлэх тухайд ерөнхийлөгч яриад байгаа ч эсрэг талын хөлсний бичээчид хувцас хунар, хуралд суусангүй гэх мэтхэнээр л оролдоод байх юм.
 
-Та ерөнхийлөгчийн эсрэг бичдэг хөлсний хүмүүс байна гэлээ?
-Одоо юмыг мөнгөгүй хийдэг хүн байхгүй болсон. Сонгуулийн үеэр яалаа даа бүгд мөнгөнд нөгөө талд гарчхаад Аса явуулын станц, Мөнхбаясгалан, Баатар , Баатархуяг…бид хэд гэсэн хэдхэн хүн л сэтгэлээрээ ямар ч хөлс мөнгөгүй ажилласан шүү дээ.
Мөнгөнд яваад байгааг бас буруутгах арга байхгүй. Хөрөнгөтөн нийгэм байгуулах гэж байгаа юм бол хөрөнгөтэй л ард олонтой болж байж хөгжлийн тухай ярина шүү дээ. Энэ мөнгө сонгуулийн үеэр л ил гарч ирдэг болохоор хэн ч гэсэн хэдэн цаас хийхийг бодно.
 Сэтгүүлчид бүгд ядуу. Өрх толгойлсон бүсгүйчүүд голдуу. Ийм байхад тэгэх нь аргагүйдээ. Харин өрсөлдөгч тал 270 тэрбум ч гэлүү цацсан сонгуульд яг сонголт дээр өөр хандсан нь ерөөсөө бүх юм буруу яваад байгааг нийтээр ухаарсан хэрэг юм шүү дээ…ингээд л улс төржхөөс өөр арга олдохгүй юм даа. Хоёулаа ингэсгээд зогсох уу…
 
-Уг нь та кино хийвэл илүү олон хүн үзэх юм даа. Ном уншихгүй байна. Энэ цахим ертөнц хамаг цагийг авчихдаг болж. Худлаа л номонд хайртай гэж ярихаас биш уншихаа байсан.
-Санаагаар болохгүй юмаа. Мөнгө байхгүй бол ямар ч кино байхгүй шүү дээ. Би ардчилсан намтай их ойр явсаар ирсэн хэдийгээр нам бус ч гэлээ. Гэтэл ардчилсан хувьсгалынхаа тухай нэг ч уран сайхны кино байхгүй өнөөг хүрлээ. С.Цогтсайхнантай маш дотно байсан болохоор түүний тухай кино хийе гэж их үзсэн хэн ч туслаагүй тэгээд л өнгөрсөн. Ардчилсан хувьсгал ялаад бараг 30 жил болж байхад шүү дээ. Дээр хэлсэн хэд хэдэн кино зохиол биччихсэн байгаа гэж. Одоо яахав дээ. Киноны хууль гэж нэг хэсэг их ярьсан. Хууль яахав ээ. Кино бол мөнгөөр бүтдэг урлаг. Мөнгийг нь шийдэж өгөхгүй бол мянган хууль байгаад яахав дээ. Гай ч болж мэднэ. Би бас “Кино зохиолчийн библи” гэж ном орчуулж гаргасан. Тус болсон л байх. Аливаа зүйл бодтой байх хэрэгтэй. Хоосон хэрэгждэггүй хууль энэ тэр ямар ч нэмэр болохгүй талтай.
Тэгээд ч би насаараа телевиз, кинонд ажилласан хэрнэ шүүмж бичдэггүй. Баатарын монтаж энэ тэрийн тухай л дэмжсэн шүүмж бичиж байснаас биш. Шүүмжлэгч гэж тусдаа мэргэжил. Өөрөө бүтээлч байж бусдыг муулж шүүмжлэх зохимжгүй зүйл болоод тэр .
Ном бичихэд компьютер л байхад болоо. Тэгээд л номруу орсон.
 Би өөр юм чадахгүй. Яахав сэтгүүлч болохоор бүхий л салбарыг уншиж судалдаг, бас бичих гэж оролддог. Тэгээд ч одоо студи маш олон болсон . Жоохон олсон юмаа олонтойгоо хуваахаар өөрт үлдэх ч бага байсан. Ном бол яахав ганц өөрөө л бичдэг, уншигч гэсэн ганцаараа өөрөө л уншдаг болохоор их аминч яриа байдаг болохоор надад ойроос гадна бас сайн, муу нь ч, хөлс хүч нь ч, зөвхөн өөрт хамаатай юм.
Сайн нь миний сайных, муу нь миний муугийнх болохоор амар.

Эх сурвалж: www.assa.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47335
0 эможи
keyboard_arrow_up