Я.Пүрвээ: Эрдэнэт үйлдвэр уусган баяжуулах технологиор цэвэр зэс үйлдвэрлэхэд бэлэн байна

2017 оны 9 сарын 22

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон 2017-2031  он хүртэлх хөгжлийн үндсэн чиглэлээ боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна. Үйлдвэрийнхээ  уул геологийн нөхцлийг нарийн тодорхойлж, урт удаан хугацаанд ажиллах боломжийг бий болгох, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэн үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх чиглэлээр зургаан том төслийг хэрэгжүүлэх зорилтыг хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан юм. Эдгээр зорилтын  хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах төсөл,  хүдрийг уусган баяжуулах технологиор боловсруулж, катодын зэс үйлдвэрлэх төсөл хэрэгжинэ. Уг төслүүдийг хариуцаж буй Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Ажлын албаны зөвлөх  Я.Пүрвээтэй  уулзаж, тодрууллаа.

Тэрээр Болгар улсын Уул уурхайн дээд сургуулийг баяжуулагч инженер мэргэжлээр дүүргэж, 1981-2001 он хүртэл Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт бутлуурчин, Шинжилгээний төв лабораторит инженер, Хангамжийн хэлтэст  менежер зэрэг албыг хашсан. Монголросцветмет ХХК-ийн Бор-Өндөрийн баяжуулах фабрикийн шинэчлэл, Баргилтын төмрийн хүдрийн ордын ашиглалтанд оруулах,зэс хайлуулах зэрэг төслийн багийн гишүүнээр ажиллаж байсан уул уурхайн туршлагатай, өндөр мэдлэг чадвартай Монгол улсын Зөвлөх инженер, эдийн засагч хүн.

-Эрдэнэт үйлдвэрийнхэн 2017-2031 он хүртэлх хөгжлийн концепцдоо хэд хэдэн чухал төслийг хэрэгжүүлэхээр тусгаж өгсөн нь үйлдвэрийнхээ алсыг харсан өндөр ач холбогдолтой  хөтөлбөр болсон гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Энд тусгагдсан төслүүдийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

- Юуны өмнө Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулах болсон тухайд товчхон тайлбар хэлье гэж бодож байна. Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн концепци боловсруулах ажлын багт ажилласан. Эрдэнэт үйлдвэр анх жилд 16 сая  тонн  хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар байгуулагдсан байдаг.Ажиллах явцдаа хүчин чадал нь нэмэгдсээр өнөөдөр 31 сая тонн хүдэр боловсруулах боломжтой болсон.  Өнөөдрийг хүртэл баримталж ирсэн чиглэл нь хүдэр дэх агуулга буурахтай холбогдуулан  үйлдвэрлэн гаргаж байгаа металлын  хэмжээг барих, үүний тулд боловсруулах хүчин чадлаа өсгөх, үйлдвэрээ өргөтгөх үйл ажиллагаанд төвлөрч байв. Өөрөөр хэлбэл, хүчин чадлаа нэмэгдүүлэх ажилд түлхүү анхаарч, зардлын асуудлыг  орхигдуулсан тал ажиглагддаг. Дэлхийн бусад ижил төстэй үйлдвэрүүдтэй  харьцуулж үзэхэд, манай Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний зардал нэлээд өндөр л дөө. Тухайлбал, 2012 оны үед Баяжуулах фабрикийн нэг тонн хүдэр боловсруулах зардал 12 ам.доллар  байсан бол тодорхой арга хэмжээнүүдийг авч, хэмнэлтийн горимоор ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар 7 ам.доллар болж бууруулсан. Дэлхийн ижил төстэй үйлдвэрүүдтэй өрсөлдөхийн тулд баяжуулах фабрикт нэг тонн хүдэр боловсруулах өөрийн өртгийг 6 доллараас буулгах шаардлагатай болж байна. Тиймээс бид энэ удаагийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулахдаа  зөвхөн хүчин чадлыг өсгөөд байх биш өртөг зардлыг хэрхэн бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулсан юм. Ер нь зарчмын хувьд жилд боловсруулах хүдрийн хэмжээг 50 – 100 сая тонн хүртэл нэмэгдүүлж болох ч ингэж нэмэгдүүлэх нь үр ашгийг  бууруулах хандлагатай. Жилд 34-35 сая тонн зэсийн хүдэр боловсруулах нь хамгийн оновчтой хувилбар гэж тооцоологдож байгаа.

Иймд  2017-2031 оны буюу 15 жилийн удаан хугацааны үндсэн чиглэлд  тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх,өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хүдрийн ил уурхайд мөчлөгт урсгалын тээврийн систем нэвтрүүлэх, баяжуулах фабрикт хүдэр бэлтгэлийн өндөр хүчин чадалтай шугамыг ашиглалтанд оруулах, хөвүүлэн баяжуулах хэсэгт орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх, зөвхөн үйлдвэрийн шаардлагатай сэлбэг хэрэгсэлээр зогсохгүй Монгол улсад импортоор оруулж ирдэг эд анги, сэлбэг хэрэгслүүдийг үйлдвэрлэх зорилгоор засвар механикийн заводын үйл ажиллагааг өргөтгөн шинэчлэх төслүүд тусгагдсан. Үүнээс гадна шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр шинээр хэрэгжүүлэх уусган  баяжуулах аргаар цэвэр зэс үйлдвэрлэх, зэсийн баяжмал хайлуулах боловсруулах төслүүд ч тусгагдсан болно.

Үүнд тусгагдсан хүдрийг уусган баяжуулалтын аргаар боловсруулах үйлдвэрийн төслийг та хариуцаж байгаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэх  хэрэгцээ шаардлага болоод боломж нөхцөл ямар түвшинд байна вэ?

Үндсэн чиглэлийн хүрээнд үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлсний нэг нь уусган баяжуулах үйлдвэр барьж байгуулах төсөл юм.  Эрдэнэт үйлдвэрийг тойроод уусган баяжуулалтын аргаар катодын зэс үйлдвэрлэдэг Эрдмин, Ачит ихт зэрэг үйлдвэрүүд байна. Мөн Зэс эрдэнийн хувь компани ийм технологиор үйлдвэр байгуулахаар яригдаж байгаа юм билээ. Тэгэхээр яагаад Эрдэнэт үйлдвэр өөрөө исэлдсэн болон захын агуулгатай, ядуу хүдрээ  уусган баяжуулж,  ийм үйлдвэр барьж болохгүй гэж гэдэг асуудал тавигдсан. 2017-2031 онд 0,386 хувийн агуулгатай 212 мянган тонн зэс агуулсан 160 сая тонн исэлдсэн хүдэр олборлоно гэсэн урьдчилсан тооцоо бий. Энэ бол Баяжуулах үйлдвэрт боловсруулагдахгүй хүдэр. Үүн дээр ядуу агуулгатай хүдэр нэмэгдэнэ. Орчин үеийн уусган баяжуулах технологийг нэвтрүүлж, катодын зэс үйлдвэрлэснээр Эрдэнэт үйлдвэр өөрөө ашиг орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Ийм үндэслэлээр “Уусган баяжуулах технологиор исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрээс цэвэр зэс үйлдвэрлэх”  төслийг хөгжлийн 15 жилийн төлөвлөгөөнд тусгаж өгсөн.

-Уусган баяжуулах технологи бүхий үйлдвэр барьж ашиглалтад оруулснаар гарах үр дүн, давуу талыг тодорхойлно уу. Энэ үйлдвэрийг барихад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?

-Уусган баяжуулах аргаар цэвэр зэс үйлдвэрлэх төсөл нь хөрөнгө оруулалт ихээр шаардахгүй харьцангуй хямд төсөл юм. Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулаад,  яамны техникийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан бөгөөд нуруулдан уусгах технологиор ажиллана гэж төлөвлөж тусгасан байдаг. Урьдчилсан байдлаар уусган баяжуулах үйлдвэр барих талбайгаа сонгоод байна. Тус технологи нь байгальд орчинд учруулах сөрөг нөлөө багатай, металл авалт өндөртэй, нөөц баялагаа бүрэн дүүрэн ашиглах    Хамгийн гол давуу тал гэвэл Эрдэнэт үйлдвэрийн орлого нэмэгдэж, үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэнэ гэж тооцож байна. Мөн олон тооны байнгын ажлын байр бий болно.

-  Төслийн ажил хэзээ эхлэх вэ? Бэлтгэл ажлын явц ямар байна вэ?

- Дээрх төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх ёстой. Төлөөлөн удирдах зөвлөлөөс уусган баяжуулах үйлдвэр барих асуудлыг дэмжвэл энэ төсөл шууд хэрэгжих боломжтой.  Шийдвэр гарсны дараа, ажлын зурагаа хийлгээд эхлэхэд бэлэн гэж ойлгож болно. Урьдчилсан  төлөвлөгөөнд тусгасны дагуу 2017 онд бэлтгэл ажлаа эхлүүлж,  2019 он гэхэд үйлдвэрээ ашиглалтанд  оруулах  боломжтой. Мөн зэсийн баяжмал хайлах, боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн бөгөөд цаашид хүхрийн хүчлийг яаж ашиглах болон төслийг хэрэгжүүлэх судалгаа хийгдэж байна.

М.Балжинням

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47334
0 эможи
keyboard_arrow_up