Хулгайч ДҮЙВЭЭНЭЭР
Наймдугаар сараас эхлэн цалингаа 1.6 сая болгох шаардлага тавьж эхэлсэн багш нар сануулсан ёсоороо өчигдөр ажил хаялт зарлаж, улсын хэмжээнд 654 сургуулиас 366 нь, 867 цэцэрлэгээс 286 нь ажилласангүй. Багш нар 500 мянган төгрөгийн цалин авч байхад банкны захирлууд 8-18 сая төгрөгийн цалин аваад зүгээр суудаг нь шударга уу?
Яг ийм “мессеж”-ийг хаях зорилготой улстөрчид санасандаа хүрч, энүүхэндээ хэлэхэд Эгшиглэн охины захиа ч энэ зорилгод ашиглагдав.
Үнэндээ Төрийн банкны захирлуудын цалинг дэлгэж, багш, эмч нарынхтай харьцуулан “пий паа” болоод байгаагийн цаана хоёр их наядын активтай банкийг ердөө 300 тэрбумаар авах гэсэн улстөрчдийн “тачаал” л явж байгаа нь ойлгомжтой байна. Түүнээс банкны захирлын болон багшийн цалин тавьдаг эх үүсвэр нь хоёр өөр шүү дээ, уг нь.
Төрийн банкийг 2009 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр, тухайн үед дампуурлаа зарласан “Зоос” банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилготойгоор гүүрэн хэлбэрийн банк болгож байгуулж байжээ. Харин 2013 онд “Жаст”-ын Ш.Батхүүгийн өмч байсан Хадгаламжийн банк төлбөрийн чадварын эрсдэлд орсноор харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор Монголбанкны шийдвэрээр Төрийн банкинд актив хөрөнгийг нь шилжүүлсэн байдаг.
Түүнээс хойш Төрийн банкийг хувьчлах асуудлыг үе, үеийн Засгийн газар хөндсөөр ирсэн, жилийн жилд хувьчлах объектын жагсаалтын тэргүүнд ч бичигдсээр ирсэн. Тэр болгонд Төрийн банкийг өөрийн болгохыг сонирхож ирсэн улстөрчид Саарал ордонд ч байгаа.
Төрийн банкны өөрийн хөрөнгө нь 162 тэрбум. Жилдээ 10 тэрбумын ашигтай ажилладаг. Хэрэвзээ хувьчлал нэрээр хулгайлчихгүй бол төрийн хамгийн үнэ цэнэтэй нэгжийн тоонд орж байгаа. Тус банкны дүрмийн сангийн 25 хувийг Сангийн яам, үлдсэн 75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшдэг. Дүрмийн сан нь 113 тэрбум төгрөг. Нийт харилцагчдын тоо хоёр сая 863 мянга. Зээлдэгчдийн тоо нь 202 мянга, хадгаламж эзэмшигчдийн тоо 585 мянгад хүрсэн. Нийт 502 салбар нэгжтэй. Нийт зээлийн хэмжээ нь нэг их наяд 140 тэрбум төгрөг. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь нь 2.7 хувь байна. Дийлэнх зээл буюу 39 хувийг хэрэглээний, 20 хувь нь орон сууцны, 11 хувь нь бизнесийн, 30 орчим хувь нь төслийн болон бусад зээлүүдэд олгогдсон. Цэвэр ашгийн хэмжээ оны эхнээс өссөн дүнгээр 9.5 тэрбум төгрөгт хүрсэн. Бусад банкуудтай харьцуулахад нийт активын хэмжээгээр тавдугаарт, цэвэр ашгийн хэмжээгээр гуравдугаарт жагсч байна.
Ийм банкийг 300 тэрбумаар худалдаж авна гэдэг газраас сул алт олохтой адил. Тиймээс Төрийн банкны захирлуудын цалинг дэлгэж, тэднийг чичлээд эхэлсний ард хэн нэгний нэг сумаар хоёр туулай буудах заль нуугдаж байна гэж хэлж болохоор. Нэгд, багш нарын дургүйцлийг өдөөж, хайчин галын дунд байгаа МАН-ыг буланд шахах. Хоёрт, Төрийн банкийг яаралтай хувьчлах ёстой гэх ойлголтыг олон нийт, хадгаламж эзэмшигчдэд төрүүлэх. Тэнэг хүн ч хараад ойлгохоор энэ улс төрийн ард харин хэн байгаа нь хамгийн ихээр сонирхол татаж байна.
2015 онд Засгийн газраас хувьчлах объектуудын жагсаалтыг гаргасны дараа Төрийн банкийг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга сонирхож байгаа гэж мэдээлэл ч тухайн үед цацагдаж байв. Харин 2016 онд Засгийн газраас 2017 онд хувьчлах байгууллагын жагсаалтад орсон Төрийн банкийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүн гэгддэг Г.Алтан авах нь гэсэн яриа улс төр, эдийн засгийн хүрээнийхнээс сонсогдож ч байлаа.
Сангийн яамны зүгээс Төрийн банкны хувьчлалыг ирэх жил хүртэл хойшлуулсан нь хоёр их наядын хөрөнгөтэй банкийг 300 тэрбумаар авахаар сэм бэлтгэж байсан хүмүүсийг акцыг хөдөлгөсөн байх магадлалтай. Гэв, гэнэт л төрийн энэ олон үйлдвэр, өмчит газруудаас Төрийн банкны захирлуудын цалинг онцолж гаргах шалтгааныг нь тооцвол шүү дээ.
Өөрөөр хэлбэл, манартлаа зодолдож буй МАН-ын дүйвээнээр хувьчлал нэрийн дор Төрийн банкийг хулгайлж авах вий гэсэн хардлага ч, болгоомжлол ч байгаа. Учир нь чоно борооноор, хулгайч шуугианаар гэдэг.