Иргэдэд ташаа мэдээлэл өгсөн ҮЭ-ийнхнийг хуулийн байгууллагаар шалгуулан гэв
Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооноос 2017 оны есдүгээр сарын 19-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж хувь хүнтэй холбоотой буруу ташаа мэдээлэл өгсөн тул “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захиргаанаас албан ёсоор залруулга хийлээ. “Зорчигч тээврийн нэгтгэл” нь нийслэлийн Засаг даргын батлагдсан бүтцээр ажилладаг. Гурван баазтай байхад 1705 ажилтантай байсан бол нэгтгэл болноос хойш 1590 ажилтантай болж орон тоог бууруулан ажиллаж байна.
Нийтийн тээврийн стандартыг мөрдөж, иргэдийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг учраас сахилга хариуцлага, техникийн бэлэн байдалд онцгойлон анхаардаг. Удаа дараа ажлын хариуцлага алдан, зөрчил гаргасан, архидан согтуурсан ажилтанд хуулийн хүрээнд хариуцлага тооцдог бөгөөд хууль бусаар ажлаас халсан хүн байхгүй.
Түүнчлэн сэлбэг запасыг бөөнөөр авдаггүй, бүх тээврийн хэрэгсэл хуучирсан учраас өдөр тутамд дотоодын зах зээлээс худалдан авч техникийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Мөн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 1320 ажилтан “Эв нэгдэл” ҮЭ-ийн хороонд элсэн татвараа төлөн хамтран ажиллаж байгаа юм. Өндөр насны тэтгэвэрт гарсан болон сахилгын зөрчлөөр ажлаас халагдсан хүмүүс байгууллагыг төлөөлөх эрхгүй. Иймд хууль бус үйлдвэрчний эвлэлээс санаатай ташаа мэдээлэл өгсөн гэж үзэж байгаа учраас дээрх нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэж нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-аас мэдээллээ.