“Тара“ загварын шоу болно
Цагаан, ногоон дарь эх бүтээлээс сэдэвлэж урласан хувцас загварын “Тара” шоу Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны нүдийг хужирлах гэж байна. Эмэгтэй хүний төгс нандин сэтгэлийг биеийн гоо сайхантай уялдуулж, орчин цагийн өнгө аястай хослуулсан тэдгээр бүтээлийг урлахдаа дизайнер Б.Энхбаатар “Өндөр гэгээн Г.Занабазарын ертөнцөөс хэтийсэн үнэмлэхүй гоо сайхныг төгс илэрхийлэгч лагшин дүрийн шүтээн Цагаан дарь эх, Ногоон дарь эх бүтээлээс сэдэв, санаагаа олсон” гэж тодотгожээ.
Есдүгээр сарын 25-нд болох 'Тара' загварын шоунд шилдэг загвар өмсөгчид, зарим уран бүтээлчид оролцох ажээ. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, 'Монгол костюмс' хамтран зохион байгуулж буй загварын шоуны орлогын 30 хувийг музейн хадгалалт, хамгаалалтад хандивлах гэнэ.
Дүрслэх урлагийн музейн тансаг, нууцлаг орчинд загварын шоу болж байсан удаагүй. Тиймээс энд соёл, ёс заншил, орчин үеийн хэв маягийг агуулсан нэгэн гайхалтай үдэш болно.