Эрчим хүчний салбарын өр төлбөр 16.8 хувиар буурчээ
Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн буухиаг эрчим хүчгүйгээртөсөөлөхийн аргагүй юм. Тийм ч учраас эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан салбарынхаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүсчилсэн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан.
Энэ оны дөрөвдүгээр сард Дорнод аймагт Зүүн, долоодугаар сард Ховд аймагт Баруун бүсийн уулзалт зөвлөгөөнийг амжилттай явуулсан бол эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Төвийн бүсийн уулзалт зөвлөлгөөнийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд Орхон аймагт амжилттай зохион байгууллаа. Тус уулзалт зөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү мэндчилгээ ирүүлж, салбарын хамт олонд ажлын амжилт хүссэн юм. Энэ оны эхний хагас жилд эрчим хүчний салбарынхан 3.1 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.5 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, импортоор 726.9 сая кВт. цаг цахилгаан, эрчим хүч худалдан авч, санхүүгийн хувьд алдагдалгүй ажиллажээ. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханы мэдээлснээр салбарын дотоодын хөрөнгийн эх үүсвэр, нөөц боломжийг ашиглахад илүүтэй анхаарч ажилласнаар салбарын өр төлбөр өнгөрсөн оны эцэст 41.6 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний хагас жилд 34.6 тэрбум төгрөг болж, 16.8 хувиар буурсан байна.
Орхон аймагт зохион байгуулсан Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төвийн бүсийн уулзалт зөвлөгөөн хөгжлийн бодлого, эрчим хүчний зохицуулалтын асуудал, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тэргүүн туршлага зэрэг өргөн хүрээнд болж, 20 гаруй илтгэлийг сонсч хэлэлцсэн юм. Хөгжлийн бодлогын хувьд төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулахаар зорьж байгаа аж. Үүний тулд Эрдэнэт, Дархан, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 35-50 МВт, дулааны III цахилгаан станцыг 250 МВт-аар өргөтгөх шийдвэрийг гаргаад байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх үүднээс Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны станцыг энэ оны нэгдүгээр сард ашиглалтад оруулсан бол Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 МВт-ын салхин станцын угсралтын ажил амжилттай явагдаж байгаа юм. Мөн Оюутолгой-Цагаансуваргын 220 кВ-ын 159.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж дуусгажээ. Үүний цаана Багануур-Чойрын 178 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануурын дэд станцын өргөтгөл, Улаанбаатар –Мандалговийн агаарын шугам, дэд станцын төсөл зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн байна.
Сүүлийн үед эрчим хүчний компаниудын улсын төсвөөс авдаг татаасын хэмжээ эрс буурч, өнгөрсөн онд салбарын хэмжээгээр 201.4 тэрбум төгрөгийг татвар хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлжээ. Тус зөвлөлгөөнд оролцогчид зөвхөн ололт амжилтаа яриад зогссонгүй цаашид анхаарвал зохих, салбарын тулгамдсан асуудлаар ч санал бодлоо хуваалцаж, илэн далангүй ярилцлаа.
Тухайлбал, эрчим хүчний борлуулалтын орлого 88.9 тэрбум төгрөгөөр өссөн ч зардал, түүний дотор цалин, тогтмол болон элэгдлийн зардал өссөөр байгаад Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан шүүмжлэлтэй хандаж байсан. Тиймээс компаниудын өртөг зардалд дүн шинжилгээ, судалгаа хийх, зардлын өсөлтийг бууруулахад шинэ менежмент, арга хэлбэрээр ажиллах шаардлагатайг тэрбээр онцолж байлаа.
Манай улсын эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад тулгамдсан гол асуудал нь станцын тоног төхөөрөмжийн насжилт, түүний шинэчлэлтийн хөрөнгө төсөв, санхүү байдаг. Тиймээс эрчим хүчний салбарын эх үүсвэрүүд, цахилгаан дамжуулах түгээх сүлжээнүүд нь 1960-1987 онд ашиглалтад орсны дээр дийлэнх нь насжилт өндөртэй тул эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, аюулгүй байдалд хүндрэл учруулж болзошгүйгЭрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч,Монгол Улсын зөвлөх инженер Э.Түвшинчулуун анхааруулж байлаа. Ер нь манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1037 МВт-д хүрээд байгаа юм.
Тус уулзалт зөвлөгөөнд СЭЗИС-ийн багш, санхүүгийн мэргэшсэн зөвлөх, доктор Ж.Ариунболд, Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Байгал нарын эрдэмтэн судлаачид оролцож, хүний нөөц, удирлага санхүүжилтийн талаар илтгэл тавьж, ярилцлага хийсэн нь нэлээд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
"Эрчим хүчний хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ч.Саранжав эрчим хүчний салбарт сүүлийн таван жилд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тухайлбал, Амгалан дулааны станц, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын дулааны станц, "ДЦС-III” компанийн 50 МВт-ын турбины өргөтгөл зэргийг нэрлэж болох бол ойрын хугацаанд 16 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Ч.Жаргалмаагийн өгсөн мэдээллээр, одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний 879.2 МВт, уламжлалт буюу нүүрсний 13608 МВт хүчин чадалтай эх үүсвэрийг барих тусгай зөвшөөрлийг олгоод байгаа юм.
Гэвч эрчим хүчний барилга байгууламж барих 53 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 80 хувь нь төслийн санхүүжилтийн гэрээг эцэслэн байгуулаагүйн улмаас 3-4 жилийн хугацаанд барилгын ажлаа эхлүүлээгүй нийтлэг дутагдал байгааг илтгэгч дүгнэлтдээ онцолж байлаа.
Хоёр өдөр үргэлжилсэн уулзалт зөвлөгөөний төгсгөлд "ДЦС-IV” ТӨХК, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "М Си Эс интернэйшнл” зэрэг Монголын эрчим хүчний салбарын томоохон ханган нийлүүлэгч, хэрэглэгч байгууллагын төлөөлөл техник, технологийн шинэчлэл, хүний нөөцийн бодлого, хөгжлийн чиг хандлагын талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, санал бодлоо солилцсон чухал арга хэмжээ болж өндөрлөлөө. Эрчим хүчний хэрэглээ байнга өсөн нэмэгдэж, үүний дагуу шинэ эх үүсвэр барих ажлууд хийгдэж байна. Энэ онд л гэхэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 МВт-ын салхин станц, Сонгинохайрхан дүүрэгт 10 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орж, ирэх арваннэгдүгээр сард "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн станцын 48 МВт-ын өргөтгөл нээлтээ хийнэ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг хангахын тулд эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал онцолж байлаа.
Нүүрсийг эрчим хүч болгон хувиргаж, хэрэглэгчдэд хүргэх шат дамжлага бүрт эрчим хүч алдагдаж байдаг. Өнөө үед нэг тонн жишмэл түлш хэмнэх нь түүнийг олборлохоос 2.5-3 дахин хямд тусч байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс нүүрс олборлохоос эхлээд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах түгээх бүхий л шатанд эрчим хүч хэмнэх боломж байгааг ч тэрээр тооцоо, судалгаатайгаар танилцуулсан. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийг Засгийн газарт өргөн бариад байгаа юм байна. Энэ хөтөлбөр хэрэгжснээр 610 сая кВт.ц цахилгаан хэмнэх боломжтой гэсэн тооцоо судалгааг гаргажээ. Барилгын дулааны алдагдлыг бууруулах зорилгоор хийсэн дүгнэлтээс харахад 30-50 хувийн хэмнэлт гарах тооцоо гарсан байна. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний зохицуулалтын газрын дарга З.Цэдэнжав эрчим хүчний үнэ тариф, салбарын эдийн засгийн байдал, үр ашгийг дээшлүүлэх тухай илтгэл тавьсан нь олон хүний анхаарлыг татаж байлаа. Эрчим хүчний үнэ тариф гэдэг асар нарийн тооцоо судалгаан дээр үндэслэж хийгддэг, бодит өртөг зардал, хэрэглэгчийн худалдан авах чадвар, дотоод болон гадаад хүчин зүйлс, УИХ-аас баталсан хууль тогтоомжууд ч гэсэн нөлөөлж байдаг юм байна.
Энэхүү уулзалт-зөвлөлгөөнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос гадна "ЭДЦС”, "ЭБЦТС” "ДДЦС”, "ДСЦТС”, "Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ”, "ДДС” компаниуд болон "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олон хамтран зохион байгуулсан юм. Зөвлөлгөөнд оролцогчид "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өргөтгөлийн ажилтай танилцсан. Энэхүү өргөтгөлийн ажлыг хамгийн бага өртгөөр хийж, 48 МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулж байгаад Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд талархал илэрхийлж байлаа. Тус хорооны зүгээс эрчим хүчний салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, үнэ тарифын хөндлөн татаасыг багасгах, өрсөлдөөнд шилжүүлэхэд чиглэх, Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах чиглэлээр ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгаад тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын удирдлагууд сэтгэл хангалуун байна.