Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн долоо хоногт ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

2014 оны 6 сарын 20

Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, юу хэлсэн талаар танд хүргэж байна.  /2014.06.09 - 06.18/

 ГССҮТ-ийн захирал З.Мэндсайхан: МХЕГ-аас өнгөрсөн долоо хоногт шалгалт хийсэн

МХЕГ-аас өнгөрсөн долоо хоногт шалгалт хийсэн. Гурав хоногийн өмнө МХЕГ-т би өөрийн биеэр очиж, шалгалтын багийнхан болон  эмнэлэг, боловсролын асуудал эрхэлсэн дарга нартай уулзсан. Энэ үеэр хууль дүрэм зөрчсөн гэх зүйл яригдсан нь үнэн. Гэхдээ ГССҮТ дотор хэн нэг хүн хувиараа хагалгаа хийгээгүй гэдгийг хэлье. Үе болон түнхний имплант суулгах хагалгааг сүүлийн 10 гаруй жилийн өмнөөс төвийн эмч нар хийж байна. Өндөр хөгжилтэй улсын хэмжээнд хүртэл нутагшуулж чадсан. Бид үүгээрээ бахархдаг. Жишээ нь өнгөрсөн жил гэхэд л 400 гаруй хүн өвдөгний үе солиулсан байдаг. Эрхзүйн орчин дутмагаас болж үүссэн хэрэгцээг бид хангах үүднээс энэ хагалгааг хийж байна. Хятадад ийм хагалгаа хийлгэхэд 15 сая төгрөг зарцуулдаг. Солонгос, Япон, Сингапур бол ярих юм биш. Энэ нь юу гэсэн үг гэхээр Монгол эмч нар 400 хүнийг хөл дээр нь босгоод зогсохгүй 400 хүн гадаадад эмчилгээ хийлгэх байсан мөнгийг дотооддоо шингээж чадлаа. Энэ чинь л гол байхгүй юу. /Үндэсний шуудан 2014.06.13/

 

ЭМЯ-ны тусламжийн хэлтсийн дарга, анагаах ухааны доктор Я.Амаржаргал: Бүх өвчнийг Монголдоо эмчилдэг болох боломжтой

Хавдрын эмчилгээ хийлгэхээр олон хүн гадаад орныг зорьж байгаа хүн хамгийн олон. Үүний дараагийн шалтгаанд үргүйдлийн оношилгоо, эмчилгээ, зүрхний болон мэдрэлийн чиглэлийн мэс заслийг хийлгэхээр зорьж буй хүмүүс олон байна. Сүүлийн үед заавал гадны орныг зорихгүй байх боломж нээгдэж байгаа. тухайлбал “Гранд Мед” эмнэлэг нуруу нугасны оношилгоо болон мэс заслыг хийдэг болсон. Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний болон тархины цус харвалтын төв энэ төрлийн хагалгааг хийж байна. Элэг, бөөр зэрэг эрхтэн суулгах чиглэлийн эмчилгээ мэс заслыг хийдэг болсон. Тиймээс гадны орныг зорих гэж яаралгүй эхлээд эх орондоо оношлох, эмчлэх боломж хэр байгааг судалж болж өгвөл Монголдоо эмчлүүлэх нь ашигтай бөгөөд үр дүнтэй юм. /Үндэсний шуудан 2014.06.13/

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гемодиализийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор Д.Чулуунцэцэг: Бөөрний дутагдалд орвол хиймэл эрхтнээр амьдрахаас өөр аргагүй

Эцсийн шатандаа орсон хүмүүс ирж эрхтэн орлуулах эмчилгээ хийлгэх нь элбэг байна. Дахин сэргэх боломжгүй болсон учраас энэ хүмүүст урьдчилан сэргийлэх талаар яриад нэмэргүй. Нэг удаагийн эмчилгээ буюу аппарандаа нэг ороход 130-180 мянган төгрөг байдаг. эмчилгээ эхэлсэн бол тэр хүн долоо хоногт гурван удаа цаашид насан туршдаа орно. Энэ мөнгийг авалгүй улс үнэ төлбөргүй эмчилдэг. Одоогоор манай улсад 60 аппаратаар 250 хүн эмчлүүлдэг гэсэн тоо баримт бий. Гэхдээ яаралтай орох зөвхөн манай эмнэлэгт надад бүртгүүлсэн хүн 60 орчим байна. Аппаратны тоог нэмэгдүүлж, хүлээж байгаа хүмүүсийг эмчилгээнд хамруулъя гэхээр улс төсвийг нь гаргадаг учраас нилээд хүнд. Гэсэн ч хүний амьнаас үнэтэй зүйл үгүй учир аль болох чадах хэмжээнд хүртэл ажиллаж байна. /Үндэсний шуудан 2014.06.13/

 

“Анам” эмнэлгийн эмч, Зүрх судасний төвийн захирал Лим Ду Сон: Солонгос эмч нар 20 гаруй хүнд зүрх судасны хагалгаа хийнэ

Энэ удаа бид П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт 20 гаруй хүнд хагалгаа хийхээр ирсэн. Монголд ирж ажиллаж байгаа бидний хамгийн гол зорилго бол эмч нарийн чадваржуулах, сургалтанд хамруулах юм. Монгол эмч нарыг бид Солонгост нэгээс дээш жил суралцуулахыг эрмэлздэг ч газар дээр нь бас хамтарч ажиллаад, хагалгаанд орж байгаа эмчдээ туршлага хуримтлуулах, хагалгааны зарим аргаа сургахыг чухалчилдаг. Бид Монголд жилд хоёр удаа ирж ажилладаг. Нэг ирэхдээ бүтэн хоёр өдөр ямар ч завгүй хагалгаа хийгээд явдаг. Энэ удаа бид Монголд нэг хоног л ажиллаад буцна. Маргааш нь бид Солонгост Олон улсын том хуралд оролцох ёстой юм. /Зууны мэдээ 2014.06.13/

 

Сэтгүүлч: Төр үүргээсээ зугтааж гэмтлийнхэн үүнийг нь ашигласан уу

Даяаршиж буй өнөөгийн нийгмийн хөгжлөөс болж үе болон түнхний эмгэг өөрчлөлттэй хүмүүс эрс нэмэгдэж буй. Тэгвэл манай энэ төрлийн хагалгааг 1998 оноос Солонгосын эмч нартай хамтарч дотооддоо хийж эхэлснээс хойш зөвхөн өвдөгний үе солиулах хагалгаанд гурван мянга орчим иргэн оржээ. Хэдхэн хоногийн өмнө Гэмтэл согог судлалын төвийн эмч нар улсын эмнэлэгт ажиллах нэрийн дор өөрийн хувийн компанийг байгуулж,, үе түнхний хагалгааг хийж байсан нь МХЕГ-ын шалгалтаар илэрсэн. ГССҮТ-ийн үе түнхний имплант суулгах мэс заслын багийн нэгэн эмчээс энэ талаар тодруулахад “Монголд байхгүй шинэ технологийг бид дотооддоо нэвтрүүлсэн. Имплант худалдаж авах мөнгийг эмнэлгийн төсөвт суулгаж өгөөч гэж 10-аад жил гуйсан. Салбар хариуцсан сайд нарын хэн нь ч энийг тоогоогүй. Нийгэмд хүлээлт үүсгэсэн шаардлагыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн нь бидний буруу юу? Хэрвээ энэ хагалгааг бид нар хийгээгүй бол хэдэн мянган хүн алхаж ч чадахгүй байх байсан.” Хэмээсэн юм. Тэгвэл үнэхээр живж байсан онгоцыг ГССҮТ-ийн эмч нар гаргасан гэж үү. /Үндэсний шуудан 2014.06.13 Нүүр 9/

Сэтгүүлч: Эрүүл мэндийн салбарт 316 ажлын байр бэлэн байна

Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийн төгсөгчид, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байранд зуучлах “Хөдөлмөрийн яармаг-2014” боллоо. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны харъяа нийт 33 байгууллага оролцсон юм. Эдгээр эмнэлгийн байгууллагуудад одоогоор 316 нээлттэй ажлын байр бий ажээ. Манай оронд анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг нийт 12 их, дээд сургууль байдаг. Энэ оны хувьд Анагаах ухааны боловсрол олгох их , дээд сургуулийг 2633 оюутан төгссөн байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус яармаг их, дэд сургууль өгсөгчид болон тусгай нарийн  мэргэжил эзэмшсэн ажлын байр хайж байгаа хүмүүсийг ажилд зуучилж буйгаараа онцлог гэнэ. /Өдрийн шуудан 2014.06.19 Нүүр 5/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4711
0 эможи
keyboard_arrow_up