УБДС: Албан байгууллагууд халаалтаа өнөөдөр ч авч болно
“Улаанбаатар дулааны сүлжээ” ХК нь дулааны төв шугам тоноглолд хийгдэх засвар, шинэчлэлтийн ажлуудаа бүрэн дуусгаж энэ сарын 5-ны өдрөөс зарим хэрэглэгчдийн халаалтыг холбоод байгаа аж. Тус компани дулаан хэрэглэгчдийн тав тухыг хангах зорилгоор хэрэглээнд тохирсон халаалт өгч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 500 гаруй аж ахуй нэгжтэй “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах” гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж, 800 гаруй барилга, объектын халаалтыг залгаад байна.
Тиймээс албан байгууллагууд өөрийн хэрэглээнд тохирсон халаалтаа 10 дугаар сарын 1-нээс өмнө буюу өнөөдөр ч залгуулах боломжтой гэнэ. Энэ тухай болон дулаан хангамжтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7004-7005 утсаар холбогдож болох юм.