Сайн дурын ажил хийх сонирхолтой залууст зориулсан өдөрлөг болно
Сүүлийн жилүүдэд сайн дурын үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байгаа ч олонхи нь хаана, ямар байгууллагатай холбогдож сайн дураар ажиллах, цаашлаад нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулах талаар мэдээлэл дутмаг байдаг. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ч мөн үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, сайн дурынхантай холбогдож тэдний нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа юм.
Нээлттэй өдөрлөг маргааш буюу есдүгээр сарын 16-ны 12-18 цагийн хооронд Чингис зочид буудалд болно.
Тэгвэл iVolunteer Mongolia санаачилгын залуус НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Утга учиртай оролцоо” уриан дор “I Volunteer, do you?” өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Нээлттэй өдөрлөг маргааш буюу есдүгээр сарын 16-ны 12-18 цагийн хооронд Чингис зочид буудалд болох юм байна.
Энэ удаагийн өдөрлөгт Иргэний Нийгмийн байгууллагууд, Залуучуудын хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд, Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд оролцохоос гадна Монголын том компаниуд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байгаагаараа онцлог гэнэ. Үүнээс гадна:
- Сайн дурын үйл ажиллагааны талаарх залуусын мэдлэгийг нэмэгдүүлэх
- Сайн дурын ажил хийх сонирхолтой залуусыг холбогдох байгууллага, санаачилга, төсөл хөтөлбөрүүдтэй холбож өгөх
- Сайн дурын үйл ажиллагааны арвин туршлагатай хүндэт зочдыг урьж оролцуулан, залуучуудад өөрийн туршлагаасаа хуваалцан, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг “I Volunteer, do you?” өдөрлөг олгож байгаа аж.
Дашрамд дурдахад, iVolunteer Mongolia санаачилгын залуус 2016 онд Монголын сайн дурын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын шийдлийг эрэлхийлж “I Volunteer, do you?” өдөрлөгийг анх удаа зохион байгуулсан бөгөөд 30 гаруй байгууллага, 1000 орчим залуус оролцож байжээ.