Эх орон, Зэвсэгт хүчний үүргийг амжилттай биелүүлсэн батальоны бие бүрэлдэхүүндийг шагналаа
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэн эх орондоо ирсэн Зэвсэгт хүчний мотобуудлагын 6 дугаар батальоны цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасны дагуу шагнал гардуулах ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабт болов.
Энхийг сахиулагчдад шагналыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах бүрэлдэхүүн гардуулан өгсөн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 124-р ангийн эмнэлгийн дарга, хошууч Баатарын Гэрэлчулууныг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Зэвсэгт хүчний 017-р ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Мэндийн Батдорж, Зэвсэгт хүчний 345-р ангийн төлөвлөлтийн офицер, дэд хурандаа Пүрэвжавын Намжилдорж нарыг Цэргийн гавьяаны одонгоор, Зэвсэгт хүчний 089-р ангийн тасгийн захирагч, ахлах ахлагч Сүхээгийн Азай, Зэвсэгт хүчний 311-р ангийн ахлах тогооч, дэд ахлагч Бямбасүрэнгийн Алтанзаяа, ТЕГ-ын харьяа Цэргийн тагнуулын газрын ажилтан, ахмад Түмэнзоригтын Амарсайхан, Зэвсэгт хүчний 186-р ангийн хорооны ахлагч, тэргүүн ахлагч Өлзийдүүрэнгийн Ариунбаяр, Зэсвэгт хүчний 014-р ангийн зэвсэг, техникийн дарга, ахлах дэслэгч Кайналын Аямурат нарын зэрэг нийт 36 хүнийг Цэргийн хүндэт медалиар, ОБЕГ-ын аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Найдансүрэнгийн Адъяадорж, Зэвсэгт хүчний 339-р ангийн цахилгаанчин, гагнуурчин, дэд ахлагч Цэгмэдийн Адъяамөнх, Зэвсэгт хүчний 256-р ангийн цахилгаанчин, ахлагч Болдбаатарын Адъяахүү, Зэвсэгт хүчний 065-р ангийн офицер, ахмад Цэдэнбалын Ажмянган, Зэвсэгт хүчний 330-р ангийн буудагч, дэд ахлагч Алтанчимэгийн Азжаргал, Зэвсэгт хүчний 016-р бригадын харуулч, дэд ахлагч Чимэддамбын Азжаргал нарын зэрэг 490 энхийг сахиулагчийг Энхийн төлөө медалиар тус тус шагналаа.









