Нийт жуулчдын 53 хувь агаарын тээвэр, 40 хувь нь авто тээврийг сонгодог
Монгол, БНХАУ-ын аялал жуулчлалын бизнес уулзалт Улаанбаатар хотод 6-р сарын 18-нд боллоо. Хоёр улсын агаарын тээврийн болон аялал жуулчлалын компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан уг арга хэмжээнд БНХАУ-ын талаас 14 тур оператор, Монголын талаас 69 тур оператор, зочид буудлын төлөөлөл оролцлоо. Уулзалтаар БНХАУ-ын томоохон хотуудад аялж буй гуравдагч орны жуулчдыг шууд нислэг, авто болон төмөр замаар холбогдож буй Улаанбаатар хотод аялуулах, үүний тулд хамтарсан сурталчилгаа, аяллын хөтөлбөр маршрут гаргах талаар талууд ярилцлаа. 2013 онд Улаанбаатар хотод явуулсан судалгаагаар нийт аялагчдын 51 хувь нь (үүнээс 34 хувь нь БНХАУ руу, 12,7 хувь нь ОХУ руу, 7,8 хувь нь БНСУ руу) аяллынхаа үеэр өөр бусад орнуудаас ирсэн буюу очихоор төлөвлөж байсан байна. Нэг аяллаараа БНХАУ, Монгол, ОХУ гэсэн чиглэлийг олонх жуулчид сонгож буй одоогийн нөхцөлд хөрш орнуудтай өрсөлдөх бус хамтран ажиллах нь үр дүнтэй юм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 2013 оны судалгаагаар нийт жуулчдын 53 хувь агаарын тээврийг, 40 хувь нь авто тээврийг ердөө 2 хувь нь төмөр замын тээврийг сонгон үйлчлүүлсэн байна. “Найрсаг Улаанбаатар” зорилтын хүрээнд нийслэл хот шууд нислэг бүхий хотуудтай аялал жуулчлалын харилцаагаа өргөжүүлэх, бизнес ажил хэргийн жуулчлалыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа. БНХАУ-ын хувьд аялал жуулчлалын салбараас 2013 онд 241,8 тэрбум ам.долларын ашиг олсон бөгөөд 2014 онд тус улсад аялах жуулчдын тоо 2,4 хувиар өсч 57,205 саяд хүрэх төлөвтэй байна.