Г. Анхбаяр: “Мастер тогооч 2“ шоуны ялагч болсноор миний амьдралд олон боломжууд нээгдсэн

2017 оны 9 сарын 13

Arslan.mn

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Сайн сайн байна уу? та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе.

Та бол мастер тогооч 2 шоунд оролцож  ялагч болж 20 сая төгрөгийн эзэн болсон. Анх яагаад энэхүү шоуг сонирхож оролцох болсон юм бэ?

-За монголд бол яг тогооч гэх энэ мэргэжлийн ур чадварыг харуулсан ийм өндөр шагналын сантай шоу болж байгаагүй л дээ. Анх мастер тогооч 1 шоуг шимтэн үзээд. надад маш их таалагдсан.  Энэ шоу дахиад болох юм бол заавал орно гэсэн зорилго тавьчихсан байсан л даа. Тэгээд 2-р шоуны бүртгэл эхэллээ гэдэг зарыг хараад шууд очоод бүртгүүлчихсэн. Эхэндээ маш их айдастай байсан л даа. Яваандаа шат бүр дээр өөртөө итгэлтэй болж нэг мэдэхэд л эцсийн шатны шалгаруулалтад ирчихсэн байж билээ.

Шоуны оролцогч бүр өөр өөрийн зорилго тавьж оролцож байсан л даа. Таны хувьд  өөртөө ямар зорилго тавьж орсон бэ?

- Энэ салбарт ажиллаж, өсч дэвшихийн тулд хөдөлмөрлөж, судалж байгаа залуу хүний хувьд өөрийгөө яг ямар түвшинд байгаагаа мэдэж, өөрийгөө сорих гэж энэ шоунд орсон л доо. Тэгээд шоунд орохоосоо өмнө өөрийн гэсэн орон байртай болох юмсан гэж боддог байлаа. Гэхдээ яг шоунд түрүүлээд энэ зорилгоо бодитоор хэрэгжүүлж чадна гэж бодоогүй ээ/инээв/.  Харин 4-р шатаа даваад ер нь болох юм байна надад боломж байгаа юм байна гэж итгэл төрсөн.Нэг талаараа миний энэ зорилго үзэгчдэд маань илүү их хүрсэн байхаа.

Тэгэлгүй яахав үзэгчид маань таныг бүр Ард түмний хүү гээд нэрлэчихсэн байсан. Шоунд түрүүлснээр хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдөж байна.  Та энгийн нэгэн тогооч залуу биш олны танил тогооч залуу болсон шүү дээ.

-Өө нилээн өөрчлөгдсөн шүү.Гадуур явж байхад хүмүүс  сайн уу? баяр хүргэе, байшингаа барьсан уу? гээл асуудаг болчихсон. /инээв/. Эхэндээ тэр хүмүүсийг таньдаг билүү гээд л их асуудаг байсан. Сүүлдээ тэгээд дасчихдаг юм байна лээ./инээв/

Үүнийг дагаад танд маш их хариуцлага, нэр хүнд ирсэн. Тэгэхлээр одоогийн Анхбаяр шоуны өмнөх Анхбаяр хэр зэрэг ялгаатай байна вэ?

-Харин тийм би нэг зүйлд л маш их баярладаг.Хэрвээ би энэ шоунд айгаад ч юмуу зориг хүрэлгүй оролгүй өнгөрөөчихсөн бол өнөөдөр би урьд өмнөх шигээ энгийн Анхбаяр гээд тогооч залуу л байх байсан. Магадгүй та өнөөдөр шал өөр хүнтэй ярилцах байсан ч юм билүү. Энэ ч утгаараа өөрийгөө ялан дийлээд бас энэ мэргэжилдээ хайртай болохоор  өнөөдрийн Анхбаярыг бүтээгээд явж байна даа. Одоо бол би хаана ч очсон хүмүүс нөгөө түрүүлдэг тогооч байна шүү дээ гээд их найрсагаар угтаж авдаг. Харин би хариуд нь их даруухан байхыг хичээдэг шүү. Нээрээ мартсанаас зорилгоо болгоод байсан байшингаа энэ зун бариад дуусчихсан шүү /инээв/. Байшингаа барьж дуусгачихаад хараад зогсож байхад хүн ер нь сонгосон мэргэжилдээ үнэнч бас хайртай байхад их зүйлийг бүтээдэг юм байна гэсэн бодол мэргэжлээрээ бахархах сэтгэгдэлтэй хамт төрж байсан даа.

Шоуны ялагч болсноос хойш  шинэ ажлын санал ирсэн үү? Одоо хаана ажиллаж байна вэ?

-Ажлын санал гурав дөрвөн ч санал ирсэн. Гэхдээ би хуучин ажилдаа байхыг илүүд үзсэн дээ. Энд хамт олонтойгоо ажиллах надад таалагддаг. Ажил мэргэжлийн хувьд ч гэсэн илүү туршлага хуримтлуулах боломжтой учраас энэ шийдвэрийг гаргасан. Одоо бол Шангрила зочид буудлын Наадам ресторанд ажиллаж байгаа даа.

Тун удахгүй Авьяастны эрэлд буюу Мастер тогооч 3 шоу эхлэх гэж байна. Энэ удаагийн шоунд мэргэжлийн бус хүмүүс оролцох боломжтойгоороо давуу талтай байгаа. Та  өөрийн зүгээс "Мастер тогооч" шоунд оролцохоор төлөвлөж байгаа, магадгүй бага зэрэг айдастай байгаа хүмүүст хандаж зөвлөгөө өгөхгүй юу

-Харин тийм байна лээ сурталчилгаа бүртгэл нь эхэлчихсэн байсан.  Энэ болзол надад маш их таалагдаж байгаа. Гэртээ сайхан хоол унд хийдэг олон олон хүмүүст боломж олгоно гэдэг бол сайхан хэрэг шүү дээ. Энэ боломжийг битгий алдаарай хүнд итгэл байхад болдог юм байна. Жижигхэн айдсаасаа болоод том боломжийг битгий алдаарай өөртэй итгээд ороод үзээрэй л гэж хэлье дээ.

Ярилцсан танд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

-За та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46941
0 эможи
keyboard_arrow_up