500 ээж, аав хүүхдийн хүмүүжлийн асуудлаар анх удаа чуулна
Манай улсад сүүлийн үед тулгамдаж байгаа асуудлын нэг бол хүүхэд хамгаалал, хүүхдийн хүмүүжлийн асуудал билээ. Ялангуяа өсвөр насны хүүхэдтэй холбоотой “Өсвөр насны хүүхэд амиа хорложээ”, “Хар тамхи татжээ”, “Хулгай, дээрэм бүлэглэн үйлджээ” гэх зэрэг сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл олон гарах болсон. Энэ мэт үзэгдлүүд төр, эцэг, эхчүүд өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхэхийг хамтдаа ярилцаж, шийдэх цаг аль хэдийнэ болсон гэдгийг илтгэж байгаа юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжлийн тулгуур багана болсон гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, үнэ цэнийг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг дээдэлж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэлтүүдийг хийж, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Гэвч эрх зүйн орчны шинэчлэлттэй холбоотой гэр бүлд хүүхдийн эрхийг хангахад эцэг, эх асран хамгаалагчдын үүрэг оролцоо, хариуцлага нэмэгдүүлэх шаардлага тулгарсан байна. Тухайлбал, хүүхдийн эрхийг зөрчдөг хандлагаас татгалзах, хүүхдийн хөгжлийн хурдцыг хүлээн зөвшөөрч, хүүхдээ хүмүүжүүлэх шинэ арга барилд суралцах зэрэг хэрэгцээ, шаардлага тулгарчээ.
Дээрх нөхцөл шаардлагын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран монголд анх удаа “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн”-ийг энэ сарын 15-нд зохион байгуулахаар болжээ.
Мөн тус зөвлөгөөн Болосврол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Гал голомт” үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага, Гэр бүлийн хөгжил, боловсролыг дэмжих сан төрийн бус байгууллага зэрэг салбар бүрийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан хүүхэд хамгаалал, хүүхэд хүмүүжлийн асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж байгаагаараа онцлогтой аж.
Энэхүү зөвлөгөөн нь монгол хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг, эхчүүдийн үлгэр дуурайлал, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагын чухал болохыг тодорхойлж элгэмсэг монгол гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалан гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Зөвлөгөөнд нийслэл болон хөдөө орон нутгийн нийт 500 эцэг, эх оролцох бөгөөд “Монгол хүүхдийн төлөвшлийн өнөөгийн байдал”, “Эцэг эхийн боловсрол-Төрийн бодлого” гэсэн сэдвийн хүрээнд явагдах гэнэ. Зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын тэргүүн, эцэг, эх, хүүхдийн төлөөлөл илтгэл тавих юм байна. Мөн “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн”-ий энэ сарын 15-ны 08:00 цагт Хүүхдийн ордны их танхимд эхлэх бөгөөд салбар хуралдаанаар үргэлжлэх ажээ. Салбар хуралдаанаар “Сургуулийн өмнөх нас, сургуулийн бага нас ба эцэг эхийн хариуцлага”, “Сургуулийн дунд нас ба эцэг, эхийн хариуцлага”, “Сургуулийн ахлах нас ба эцэг, эхийн хариуцлага” зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.