БАЯРТ МЭДЭЭ: Монголын гагнуурчид гагнуурын олон улсын тэмцээнд багаараа мөнгөн медаль авлаа
БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 4-8-нд болсон олон улсын гагнуурчдын ур чадварын "ARC Cup-2014" цомын тэмцээнд оролцсон Монголын гагнуурчид багаараа хоёрдугаар байр эзэлж, мөнгөн цом хүртсэн талаар өнөөдөр Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэгээс сэтгүүлчидэд мэдээлэл хийлээ.
Нийт 13 орны 300 гаруй гагнуурчин оролцсон тус тэмцээнийг цахилгаан, хий, хагас автомат, аргон, робот, загвар бүтээгдэхүүн гэсэн зургаан төрлөөр явуулснаас Монголын гагнуурчид цахилгаан, хагас автомат, аргон, загвар бүтээгдэхүүний төрөлд оролцсон байна.
Гагнуурчдын мэдлэг, ур чадварыг шалгадаг уг мэргэжлийн тэмцээнд улс орнууд шилдгүүдээ илгээдэг. Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэгээс 2013 онд зохион байгуулсан гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд байр эзэлсэн, ДЦС-2, ДЦС-4, “Хасу мегаватт”, “Зэт Эм Стийл”, МЭЗ, “Мега стийл” компанийн долоон гагнуурчин Монгол Улсаа төлөөлөн дээрх тэмцээнд өрсөлдсөн аж.
Тэднээс ДЦС-4 ХК-ийн гагнуурчин Ч.Агваандэмбэрэл аргон гагнуурын төрөлд мөнгө, “Зэт Эм Стийл” компанийн гагнуурчин Э.Одгэрэл хүрэл, “Хасу мегаватт”- ын Л.Анхбаяр загвар бүтээгдэхүүний гагнуурын төрөлд мөнгө, МЭЗ компанийн Б.Баттулга цахилгаан гагнуурын төрөлд хүрэл медаль хүртсэн байна.