“Эрт нярайн нэн шаардлагатай тусламж” сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа
Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЭХЭМҮТ-д 2014.6.10-16-ны өдрүүдэд “Эрт нярайн нэн шаардлагатай тусламж” сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулав.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Фолл, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын багийн ахлагч С.Говинд, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эх хүүхэд хоол тэжээлийн асуудал хариуцсан дарга Ховард Собэл нар нээлтийн үг хэлэв.
Ховард Собэл, ДЭМБ-ын олон улсын зөвлөх Жон Мурэй нар өөрсдийн авчирсан “Нярайн нэн шаардлагатай тусламж” сургалтын цомог болох “Mama Natalia”, Baby Natalia-г гардуулж өглөө.
2013 оны байдлаар дэлхий нийтийн хэмжээнд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 44 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.
Дэлхийн Мянганы хөгжлийн зорилтод 2015 он гэхэд урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр эндэх эндэгдлийг үгүй болгоно гэсэн зорилт тавьсан Монгол улсад нярайн нас баралтын 75% нь төрсний дараахь эхний 3 хоногт, дийлэнх нь төрсний дараах эхний 24 цагт тохиолдож, гол шалтгаан нь дутуу төрөлт, бүтэлт, халдвар байна. Энэ нь Монголд бараг бүх төрөлтийг (99%) эмнэлэгт, мэргэжлийн ажилтнууд удирдан төрүүлж байгаа хэдий ч төрсний дараах эхний хоногт нярайд үзүүлэх нэн шаардлагатай тусламжийн чанарыг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Дээрх зорилтыг хангахад Эрүүл мэндийн салбар “Эрт нярайн нэн шаардлагатай тусламж 2014-2020” стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлж байгаагийн нэг арга хэмжээ нярайн эрт үеийн тусламж үйлчилгээний сургалтын сургагч багш бэлтгэх асуудал юм.
Сургалтын зорилго нь “Эрт нярайн нэн шаардлагатай тусламж 2014-2020” стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх нярайн эрт үеийн тусламж үйлчилгээний сургалтын сургагч багш бэлтгэхэд оршино.
Сургалтын арга барил нь бичих, унших гэх мэт уламжлалт аргаас татгалзсан, оролцогсдыг зөвхөн гардан хийлгэх, хүн бүрийг давтан дадлагажуулах өвөрмөц арга барилаар богино хугацаанд дадал эзэмшүүлэх юм. Сургалтад ЭХЭМҮТ, Хөвсгөл аймаг, Налайх дүүрэг, 1, 2, 3 дугаар амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч, нярайн эмч, эх баригч нараас бүрдсэн 32 мэргэжилтэн оролцож, ДЭМБ-ын НДБЭ-ийн бүсийн зөвлөх Ховард Собэл, ДЭМБ-ын олон улсын зөвлөх Жон Мурэй нар сургалтыг удирдав. Мөн Ховд аймгийн БОЭТ, Өмнөговь аймгийн НЭ-ийн нярайн эмч, нярайн сувилагч нар сайн дураар оролцсон.
Сургалтын сүүлийн 2 өдөр оролцогчид өөрсдийн ажилладаг амаржих газрын ажилтнуудад дээрх дадлагажуулах аргаар сургалт зохион бйагуулав. Оролцогчид 4 бүлэг болон хуваагдан ЭХЭМҮТ, 1, 2, 3 дугаар амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч, нярайн эмч, эх баригч нарт хичээл зааж, багшлах дадлага хийснээр “Сургагч багш”-ийн гэрчилгээ авлаа.
Сургалтаас нярайн эрт үеийн тусламжийн чанарыг сайжруулах хүний нөөцийн баг бүрдэж, сургалт явуулах чадавх сайжрахын зэрэгцээ сэргийлэх боломжтой нярайн эндэгдлийг бууруулах арга замыг тодорхойлох үр дүнг хүлээж байгаа юм. Цаашид ЭХЭМҮТ энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлж улсын хэмжээнд зохион байгуулах юм.