Хөгжлийн сайд нь зам тээврийн ажлыг хийгээд байгаа нь ашиг сонирхол агуулж байгаа хэрэг
“Их Монгол Нэгдэл”-ээс өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Монгол Улсын Засгийн газар болон Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр нар замын төсөвт өртгөөс хууль бусаар завшиж байна хэмээн хардаж байгаагаа илэрхийллээ. Уг хуралд “Их Монгол Нэгдэл”-ийн тэргүүн Х.Болдмандал, Гал Үндэстэн холбооны дэд тэргүүн Я.Хундаганай нарын хүмүүс оролцлоо. “Их Монгол Нэгдэл”-ийн тэргүүн Х.Болдмандал Замын-Үүдийн хил шалган нэвтрүүлэх боомт хүртэлх 11 км зам болоод аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажлууд дээр эргэлзээ төрүүлэхүйц хоорондоо зөрүүтэй баримт бичгүүд гарч ирж байгааг онцлон ярилаа. Тухайлбал, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомт хүртэлх 11 км замын тендерт өрсөлдсөн компаниудаас тус 11 км замыг 20 тэрбум төгрөгөөр хийх боломжтой гэсэн судалгаа ирүүлсэн боловч Засгийн газраас 2013 оны гуравдугаар сарын 30-ны 123-р тогтоолоор 33 тэрбум төгрөгийг баталсан байна. 33 тэрбум төгрөг батлагдсан боловч гүйцэтгэгч компанитай хийсэн гэрээн дээр 31 тэрбум болон өөрчлөгдсөн нь тэдэнд хардлага төрүүлээд байгаа гэнэ. Мөн Х.Болдмандал хэлэхдээ зам тээврийн ажлыг Зам тээврийн сайд нь биш Эдийн засаг хөгжлийн сайд нь барьж авч хийгээд байгаа нь цаагуураа эдийн засгийн ашиг сонирхол агуулж байгаа хэрэг гэлээ.