"Дугаартайгаа шилжих үйлчилгээ"-г нэвтрүүлнэ
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсад “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” (Number Portability)-г нэвтрүүлэх боломжийн талаар суурь судалгаа хийж дүгнэлт, санал боловсруулан ажилласан байна.
Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбар түүний дотор ярианы үйлчилгээний зах зээлд өрсөлдөөн оруулах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх бодлогын хүрээнд 1995 оноос эхлэн үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-иуд үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж байна.
Үүрэн телефон холбооны нийт хэрэглэгчдийн 12.21 хувийг дараа төлбөрт хэрэглэгч, 87.79 хувийг урьдчилсан төлбөрт хэрэглэгч бүрдүүлж байна. 2013 оны жилийн эцсийн байдлаар үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 4,247.4 мянгад хүрч, нийт үүрэн холбооны нэвтрэлтийн түвшин 144.9%-д хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 51.8 нэгжээр өндөр байна.
Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч өөр оператор компанийг сонгон (өөр оператор компанид шинээр бүртгүүлэн) шинээр хэрэглэгч болох үедээ шилжин очиж буй үйлчилгээ эрхлэгчээс дугаар авалгүйгээр одоо ашиглаж буй хуучин дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжтой болох юм байна.