Ил задгай худалдаа хийхийг хориглолоо
Халуун дулааны улиралд хоол, хүнсний зүйлийг ялангуяа түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилт, дүгнэлтгүйгээр ил задгай, зориулалтын бус нөхцөлд худалдан борлуулах явдал ихэсдэг. НИТХ-ын тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, хоол үйлдвэрлэл үйлчилгээний төв, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, гудамжны жижиг худалдаа зэрэг бүх төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгосон төдийгүй гар дээрээс болон нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн худалдаа үйлчилгээ эрхлэх асуудлыг цэгцлэх, дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай хүнсний болон барааны худалдаа, сүү, сүүн бүтээгдэхүүн болон түүхий мах, махан бүтээгдэхүүнийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаалахыг тус тус хориглолоо. Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” ил задгай худалдаа ихээр гардаг дүүргийн 2 дугаар хорооны Жаргалант үйлчилгээний төв, Ажилчны алдар талбай, автобусны буудал, 1 дүгээр хорооны 120 мянгатын автобусны буудал, Рапид харш хороолол дотор болон түүний ойр орчимд 2014 оны 05-р сарын 16-ны өдөр хамтарсан хяналт, шалгалтыг явуулсан байна. Шалгалтаар гарал үүслийн гэрчилгээгүй, жин баталгаагүй, хог хаягдалаа ил задгай хаядаг, БНХАУ-аас импорлогдож буй зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гарал үүсэл тодорхойгүй, дагалдах баримт бичиггүй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй жижиглэнгээр савласан түргэн муудах жимс жимсгэнэ зарж, борлуулж байгаа зөрчил илэрчээ. Иймд үйлчилгээний стандартгүй худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 9 цэгийн үйл ажиллагааг таслан зогсоох, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах 3 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгч, цаашид хяналт тавьж ажиллах талаар холбогдох албан тушаалтанд үүрэг өгч ажилласан байна.