АНУ-ын элчин сайд Кэмбэлл суугаа волейбол тоглолоо
Монголын суугаа волейболчдын ассоциациас АНУ-ын Спортс Юнайтед солилцооны хөтөлбөрт хамрагдсан туршлагаа бусадтайгаа хуваалцах танилцуулга болон үзүүлэн тоглолт Хан-Уул дүүргийн спортын ордонд боллоо. Дасгалжуулагч болон 11 эмэгтэй тоглогч өнгөрөгч оны 11 сард АНУ-ын Оклахома хотыг зорьсон бөгөөд тэд Төв Оклахомагийн Их Сургуульд АНУ-ын суугаа волейболын багтай хамтран бэлтгэл хийсэн юм. Солилцооны хөтөлбөрийн хугацаанд оролцогчид нум сум харваа, гольф, хаданд авирах зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд хамрагдсан байна. Элчин сайд Кэмбэлл дунд сургуульд байхдаа волейбол тоглодог байсан ба энэхүү танилцуулах арга хэмжээнд оролцсоноос гадна хэсэг хугацаанд нэг багт нь орж тоглосон байна.
Тамирчид Америкт байх хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар, спорт дахь эмэгтэйчүүдэд адил тэгш хандах талаарх хуулийн “9-р заалт” болон спортын манлайллын чадварын талаар суралцжээ. Төрийн Департаментын төлөөлөгч Энн Кодитэй хийсэн уулзалтын үеэр оролцогчдод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын түүхийн талаар танилцуулан, спортоор дамжуулан охид эмэгтэйчүүдэд эерэг нөлөө үзүүлэх талаар зааварчилгаа өгсөн байна.
Спорттой холбогдолтой хөтөлбөрөөс гадна, тамирчид Оклахома хот дахь бус нутгийн хоолны сангаар зочилж хоол савлан тараах хүмүүнлэгийн үйлсэд нэгдсэн байна. Тэд мөн Ковбой болон Өмнө зүгийн Өв соёлын Музей үзэж, хоккейн мэргэжлийн тоглолт сонирхон, өмнө зүгийн найрсаг орчин, хүмүүстэй хамт оройн зоог барьсан байна. Туршлага солилцох өдөрлөгт тус дүүргийн 10 хорооны 60 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдлаа.