"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд хэрхэн эзэмшүүлж байгаа вэ?
Монгол улсын нийт иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болсон. Засгийн газрын тогтоолын дагуу "Хувьцаа эзэмшигч, Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" ТББ нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол улсын нийт иргэдийн жагсаалт, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас "Хүний хөгжил"-ийн сангаас хувь хүртсэн иргэдийн жагсаалт, Засгийн газарт хувьцаагаа нэг сая төгрөгтэй дүйцүүлэн худалдахаар өргөдөл гаргасан иргэдийн жагсаалтыг тухай бүр хүлээн авч "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны бүртгэлийг хийж байна. Ингэснээр иргэн та хувьцаагаа аваагүй бол тус ТББ-д хандаж өргөдөл гаргаснаар хувьцаагаа авах боломжтой болох юм байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК, Засгийн газарт өнгөрсөн дөрвөн сард хувьцаа эзэмших талаар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тус мэдэгдлийн хариуд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас хувьцаагаа аваагүй иргэд өргөдөл гаргаад авч болно гэсэн хариуг ирүүлсэн байна.
Хүний хөгжил сангаас хишиг хувь хүртсэн иргэд гэдэгт:
- 2011 онд оюутны сургалтын төлбөр
- 2012 онд оюутны сургалтын төлбөр
- 2011 онд эрүүл мэндийн даатгал
- Ахмад болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөг хэлбэрээр тус тус хүртсэн иргэд хамаарна. Одоогоор "Хувьцаа эзэмшигч, Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" ТББ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-д иргэдийн дөрөвдэх удаагийн өргөдлүүдийг хүргүүлэхээр бэлдэж байна гэж тус төвийн тэргүүн Э.Алтаншагай ярилаа.