Хүй 7 худагт 500 автомашины зогсоолтой болно
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/488 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталж, шаардагдах 2,450,000,000.0 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт үүрэг болголоо.
Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын зам барих, 500ш автомашины зогсоол барих, Үйлчилгээний төвүүдийг холбосон 3м-ийн өргөнтэй 800у/м цементбетон явган зам барих, Давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2км хайрган түр зам барих ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Авто замын газарт шилжүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 34.1.5-д заасны дагуу зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг үүрэгдлээ.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, зарцуулсан хөрөнгийг нийслэлийн 2014 оны төсвийн тодотголд тусгаж, батлуулахыг Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.
Жич: Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний жагсаалтыг хүснэгтээр танилцуулъя.
Төсөл, арга хэмжээний нэр | Төсөвт өртөг | |
1 | Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын зам барих | 1200.0 |
2 | 500ш автомашины зогсоол барих | 1000.0 |
3 | Үйлчилгээний төвүүдийг холбосон 3м-ийн өргөнтэй 800у/м цементбетон явган зам барих | 50.0 |
4 | Давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2км хайрган түр зам барих | 200.0 |
Дүн | 2450.0 |