Гол, үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллана
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар гамшиг ослын 109 удаагийн дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 95 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 14 дуудлага байна. Зам тээврийн болон ахуйн осолд өртсөн 11 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, болзошгүй гамшгийн аюулаас 18 хүний амь бие авран хамгаалжээ. 6 дугаар сарын 02-ны өдөр нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Туул голд Тоёото спрентер загварын автомашин голын усанд урсаж байсныг нийслэлийн Аврах ангийн аврагч нар гарч ажиллан автомашиныг татаж гарган , 9 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Энэ мэтчилэн голын усанд осолдох тохиолдол цөөнгүй байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга гол, үер усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг хамгаалах чиглэлээр төлөвлөгөө гаргаж, Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.
Харин Нийслэлийн Цагдаагийн газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 23911 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 1578 нэгж буюу 7,1 хувиар өсч, 694 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 19 нэгж буюу 2,6 хувиар буурсан байна. Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 79 хүний амь нас хохирсон байна. Эдгээрээс 39 буюу 49.3 хувь нь өвчний улмаас, 9 буюу 11.3 хувь нь боомилж, 6 буюу 7.5 хувь нь өндөрөөс унаж, 2 буюу 2.5 хувь нь усанд живж, 2 буюу 2.5 хувь нь тогонд цохиулж, архинд хордож, карерийн тогтоол усанд живж, шатнаас унаж, түлэгдэж, 17 буюу 21.5 хувь нь ил харагдах шарх сорвигүй нас баржээ.
Сүүлийн 14 хоногийн байдлаар Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст зам тээврийн ослын нийт 335 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 203, осол, зөрчлийн шинжтэй 132 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 3 бүртгэгдсэнийг өнгөрөгч 14 хоногтой харьцуулахад Зам тээврийн хэргийн дуудлага 29.3 хувь өссөн байна.