Хагас автомат буугаа спорт буудлага, үзмэрийн зориулалтаар хадгалж, хэрэглэхийг уриалав
УИХ-аар хэлэлцэж байгаа Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан байлдааны зориулалттай галт зэвсгээр ан хийхийг хуулиар хориглох тухай заалтыг дэмжихийг уриалж Амьтан хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн нар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын хэмжээнд 46.982 буу бүртгэлтэй байгаагаас 94 хувь буюу 44.306 буу нь агнуурын зориулалттай байна. Үүнээс 5000 нь хагас автомат ажиллагаатай буу юм. Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд амьтныг олноор хомроглон агнах боломжтой ОХУ-д үйлдвэрлэсэн хагас автомат бууг ан агнахад ашиглахгүй ийм төрлийн бууг тухай өмчлөгч иргэн спорт буудлагын зориулалтаар тирд буудаж болно мөн үзмэрийн зориулалтаар хадгалж болохоор хуулийн төсөлд тусгасан билээ. Энэ саналыг Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Амьтан хамгаалах сан тэргүүтэй 40 гаруй ТББ дэмжиж буйгаа илэрхийлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, УИХ-ын гишүүдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн байна.
С.Дамдинсүрэнгийн хэлснээр Хууль зүйн байнгын хорооны гишүүд 5000 буу эзэмшигчдийн эрх ашгийг тодорхой хэмжээний нөхөн төлбөр өгч шийдвэрлэх санал оруулж ир гэж долоо хоногийн дараа дахин хэлэлцэхээр хойшлуулжээ. Хэрэв дээрх бууны 60 хувийг нөхөн төлбөр хэлбэрээр олгохоор болбол 9 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо хийжээ. Тиймээс байлдааны буу эзэмшдэг иргэдийг нөхөн төлбөр авахгүйгээр спорт буудлага, үзмэрийн зориулалтаар хадгалж, хэрэглэхийг уриалав.