2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг нэгдсэн байдлаар хангахаар боллоо
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 06 дугаар сарын 12-ны өдөр болж, “Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Эрдэнэбат танилцуулж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар,Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Дүүргүүдийн төлөөлөл зэрэг холбогдох албаныхан оролцлоо.
Өнгөрсөн өвлийн улиралд ус, дулаан, цахилгааны доголдол харьцангуй бага, төлөвлөгөөний дагуу ажилласан гэдгийг албаныхан онцлон хэлсэн юм. Харин Баянзүрх дүүрэгт байрлах UB TOWN хотхоны бохирын ус хальж, нийслэлээс засварын хөрөнгийг яаралтай шийдвэрлэж байсан бол Ургах наран хорооллын бохирын асуудлыг шийдвэрлэхэд санхүүгийн хувьд бэрхшээлтэй байгаа гэлээ. Тиймээс 2014-2015 оны өвөлжилиийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлээс хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай зарим ажлууд байгааг танилцууллаа.
Тухайлбал 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дагуу 1452 айлын орон сууц ашиглалтад орохоор төлөвлөж байна. Тэдгээр орон сууцыг дулаан, цэвэр, бохир усаар хангахад алдах халаалтын үнийн зөрүү, Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар өвөлжилтөнд хүндрэл урчуулж болзошгүй 8 дүүргийн 13 цэцэрлэг, 13 сургуулийн барилгын шугам сүлжээний засвар, Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэлээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, 2014-2015 оны өвлийн улирлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд шаардлагатай хөрөнгийн асуудлыг дахин судалж, нэн шаардлагатай ажлыг эхэлж шийдэхээр боллоо. Харин нийслэлийн харъяа холбогдох газрууд өвөлжилтийн бэлтгэлийг хуваарийн дагуу хангаж ажиллахыг үүрэг болголоо.