Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна
Монголчууд анх удаа Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг “Эв нэгдэл-Энэрэнгүй сэтгэл” гэсэн уриан дор баярын өдөр болгон тэмдэглэх гэж байна. Бурхан Буддагийн эхийн хэвлийгээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн 3 үйл явдал давхцдаг Их Дүйчэн өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн болон Европын улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. НҮБ-ийн Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны тэргэл сартай өдөр нь бүх Бурханы шашинтнуудын хувьд хамгийн чухал хүндэтгэлтэй өдөр болоод зогсохгүй, НҮБ-ийн төв байгууллага болон Улс орнууд дахь төлөөлөгчийн газрууд Олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тухай тогтоол гаргасан юм. Түүнчлэн жил бүр НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Дүйчэн өдөрт зориулсан илгээлтийг бурханы шашинтнуудад зориулдаг нь энэхүү баярын үнэ цэнэ, утга учрыг тодоор харуулж байна. Их Дүйчэн өдрийг тэмдэглэх нь зөвхөн шашин номын зан үйл, хүрээ хийдийнхний ажил хэрэг төдий биш, манай нийт иргэд, үндэстний сэтгэл санааны ариусал, гэгээрэл, эв нэгдлийн өдөр байж, шашин соёлын баяр болж өргөжин тэлж байгаа нь ёс суртахуунтай амьдрах өнөө цагийн нийтлэг ёсонд чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр буюу 2014 оны 06 сарын 13-ны Их Дүйчэн өдрийг МБШТөв Гандантэгчэнлин хийд, бурханы шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран “Бурхан багшийн их дүйчин өдрийн баяр” болгон тэмдэглэж, нийтийн сайн сайхны төлөө энэрэнгүй сэтгэлээр, эвлэлдэн нэгдэж улс орноо хөгжүүлэх уриалгыг дэвшүүлж байгаа юм.