Өнгөрсөн долоо хоногт боловсролын салбарт Хэн, Юу хэлэв ?
Өнгөрсөн долоо хоногт Боловсролын салбарт Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна. /2014.06.04 - 2014.06.10/
БШУ-ны сайд Л.Гантөмөр: МУИС-ийн захирал хувьдаа нэг ч төгрөг аваагүй
Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлтэй холбоотой ажлыг сүүлийн хоёр жилд эрчимтэй хийж байна. Мэдээж хүсэн хүлээж байгаа очих цэг нь манай улсад хэрэгтэй, үнэ цэнэтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршиж байгаа шүү дээ. Шинэчлэл хийхэд цаг хугацаа, шинэчлэл хийх замд олон эерэг болон сөрөг үзэл бодол гарч ирж байна. А.Галтбаяр захирлын талаар оюутнуудынх нь яриад байгаа зүйл бол 2011 оны шийдвэр. Өмнөх захирал н.Төмөр-Очирын үед сургалтынхаа төлбөрийг нэмсэн юм билээ. Харамсалтай төлбөрөө тухайн үед төлбөрөө авалгүй яваад байсан байгаа юм. Энэ асуудлын эцсийн шийдвэрийг шүүхээр гаргуулах байх гэж бодож байна. Үүнийг А.Галтбаяр захирал өнөөдөр санаачилсан юм биш. Түүнээс биш А.Галтбаяр захирал хувьдаа нэг ч төгрөг аваагүй /Монголын үнэн 2014.06.09/
НБГ-ын Эрүүл ахуйн орчны стандарт , хүнсний аюулгүй байдал болон хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Энхтайван: Цэцэрлэгийн тогооч нар улсын хэмжээнд баталгаажсан үнэмлэхтэй болно
Цэцэрлэгийн тогооч нарыг аттестатчилахаар болсон. Нийслэлийн боловсролын газрын тушаалаар энэхүү ажил хийгдэхээр болсон. Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа бүх хувийн болон улсын цэцэрлэгийн тогооч нарыг аттестатчилах юм. Ингэснээр цэцэрлэгийн багачуудын хоол бэлтгэдэг тогоочдын мэдлэг ур чадварыг бодитоор үнэлэх төвшин тогтоох , улсын хэмжээнд баталгаажсан мэргэжлийн үнэмлэх олгох зорилготой. Тухайн шалгалтыг Хөдөлмөрийн яамны харъяа хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийн дэргэдэх мэргэжлийн ур чадварын шалгалтын төв комисс авна. Онол болон ур чадварын шалгалт авах юм. Шалгалтаар хангалтгүй дүн үзүүлсэн тогооч нарт Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран сургалт зохион байгуулахаар болоод байна. /Нийслэл таймс 2014.06.06/
ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн захирал Г.Адьяахүү: Манай сургууль монголын шилдэг инженерүүдийн үндсэн суурийг бэлтгэж байна
Дэлхийн томоохон их дээд сургуулиуд дэргэдээ шинжлэх ухааны ахлах сургуулиуд байгуулж өндөр мэдлэг чадвартай боловсон хүчнийг бэлтгэн гаргахын тулд хүүхдүүдээ багаас нь эхлэн бэлтгэдэг. Тэдний сургалт судалгааны арга барилд сургах хичээлийн агуулга хөтөлбөрийг уялдуулахад онцгойлон анхаарч ажилладаг. ШУТИС бол мэргэжлийн инженер, техник технологийн мэргэжилтнүүдийн бэлтгэж байгаа үндэсний сургууль. Тиймээс Монгол улсад инженерүүдийг бэлтгэх зорилгоор хүүхдүүдийг ахлах сургуулиас нь эхлэн их сургууль төгстөл нь тусгай хөтөлбөрөөр сургах зорилго тавьсан. ШУТИС-ийн удирдах зөвлөлийн шийдвэрээр гурван сургуулийг нэгтгэж Шинжлэх ухааны ахлах сургууль байгуулсан. Цаашдаа гүнзгийрүүлэн судалж байгаа хичээлүүдийнхээ хүрээнд ухаалаг танхимуудыг байгуулахаар зорьж байна. /Өдрийн сонин 2014.06.06/
28 дугаар сургуулийн бага ангийн багш С:Жаргалсайхан: Хүүхдүүд өмнө нь хэзээ ч ийм идэвхитэй байгаагүй
Манай ангид муу сурдаг хүүхэд гэж байхгүй . Ер нь одоо цагт муу сурлагатан гэдэг дүгнэлтээс татгалзаад байгаа. Хүүхдийг нэг тэгээд тодорхойлчихвол түүнтэйгээ эвлэрээд , урам зориггүй болдог. Аливааг удаан сурдаг гэсэн ойлголт байхаас муу сурдаг гэсэн ойлголт байхгүй . Хүүхэд бүхэн чадна. Тэдэнд боломж л олгох хэрэгтэй. Тэдний хүсэл сонирхлыг харгалзаж тэдэнд тусалж дэмжих нь зүйтэй. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын чанарын бодлогын шинэчлэлийн хүрээнд шинэчилсэн хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа. Нийслэлийн 40 лаборатори сургуульд тушиж байгаагийн нэг нь манай сургууль. Хүүхэд бүрийн авъяас сонирхол дээр тулгуурлаж хичээл сургалтаа олон янзаар явуулж үзэж туршлаа. Хүүхдүүд өмнө нь хэзээ ч ийм идэвхитэй байгаагүй. /Улс төрийн тойм 2014.06.05/
“Шинэ монгол эрдмийн хүрээлэн”-ийн захирал Ж.Галбадрах: “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн “ ирээдүйд Харвард , Билл Гейтсийн сан шиг нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг том сан болно
“Шинэ монгол ” бүрэн дунд сургууль 14 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ирлээ. Сүүлийн үед улс орны маань хөгжил хурдасч байна. Үүнийг дагаад уул уурхай барилгын салбарт бүтээлч инженерүүд дутагдах болсон. Ийм хэрэгцээ шаардлага гарсан үед “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн ” байгуулагдсан нь санамсаргүй гэхээсээ цаг үе нь таарсан гэвэл ононо. Учир нь Шинэ монгол бүрэн дунд сургууль маань байгалийн ухаан , физик, химид тулгуурласан сургалттай. Манай ихэнх төгсөгчид Японд инженерийн чиглэлээр сурдаг гэдгийг хүмүүс мэдэх байх. Бид энэ туршлага дээрээ үндэслэж технологийн коллеж , дээд сургууль байгуулъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан . Миний хувьд энэ ажилд өөрийгөө зориулъя гэсэн хүмүүсийг эртнээс тандаад яваад байсан хэрэг. /Үндэсний шуудан 2014.06.05/
“Шинэ үеийн мэдлэг боловсролын төв ”сургалтын төвийн захирал Г.Бямбасүрэн: Оюутнууд эхлээд АНУ, Европыг сонгодог ч эцэстээ Азийн орон руу л явдаг
Ер нь сургалтын төвөөр хэлний мэдлэгээ сайжруулж байгаа хүмүүс бүгдээрээ нэг зорилготой. Гадаад ржуу явж суралцах. Англи хэлний суурьгүй хүн гэж одоо бараг байхаа больсон. Гадаад руу явахаар төлөвлөж байгаа ихэнх залуус эхлээд АНУ болон Европын орнуудыг сонгодог боловч гарах магадлал нь бага учраас эцэстээ Азийн орон руу л явдаг. Тэтгэлэг элбэгтэй. Тайваний боловсрол гэхэд дэлхийн шилдэг 100 сургуулийн 50-иас дээгүүр байрт явдаг. Сургалт ч сайн. Олон улсын оюутнуудтай учраас англи хэлээр хичээл нь ороод хятадаар ярьдаг учраас хоёр хэлтэй болоод ирэх боломжтой. /Ардчилал 2014.06.06/