Агаарыг бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгжээс төлбөр авна

2014 оны 6 сарын 11

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж хүргүүлж мөн төлбөр авахаар болжээ. Агаарын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа энэ ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.

 

Тэрээр улаанбаатар хотын агаарын чанарыг агаар дахь хүхэрлэг хий, том ширхэгт тоосонцор зэрэг 5 төрлийн үндсэн бохирдуулагч бодисын төлөв байдлыг хянаж буй цэгүүдэд хийсэн 2013 оны хяналт шинжилгээний жилийн дундаж агууламжийг Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад хүхэрлэг хийн агууламж 22 мкг/м3-д хүрч 2.2 дахин, азотын ислийн агууламж 59 мкг/м3-д хүрч 2.0 дахин тус тус их байна.

Энэ нь агаар бохирдуулагч эх үүсвэр бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад идэвхитэй оролцох, өөрийн болон бусдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлага зүй ёсоор тулгарч байгааг илтгэж байна гэлээ.

Иймд Агаарын тухай хуулийн 9.1.1, 26.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2, 10.9.8-д заасны дагуу агаар бохирдуулагч эх үүсвэр бүхий 2000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрт тодорхой, үр дүнтэй ажил зохион байгуулах, Агаарын тухай хууль тогтоомж зөрчигдөх байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж, мэдээллүүдийг хүргүүлсэн байна. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үе шаттай гүйцэтгэлийн хяналт шалгалтын ажил хийж байгаа юм байна.

Агаарт бохирдол гаргах эх үүсвэр ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн хэрэглэж байгаа зуух, нам даралтын зуухнууд утааны буюу агаарын чанарын стандартын шаардлага хангаагүй бол төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлэхээр болсон байна.

Мөн Нийслэлийн засаг дарга, БОНХ сайд хамтран агаарын чанарыг сайжруулах бүсэд дагаж мөрдөх журам боловсруулан хэрэгжүүлэхээр тогтоосон байна.  Уг журамд агаарын чанарын бүсэд мөрдөх дэглэм, хяналт, иргэн аж ахуйн нэгжийн эрх, үүрэг, олгох урамшуулал, хүлээлгэх хариуцлага зэргийг тусгасан аж.

Хэрэв стандартын шаардлага хангаагүй, агаарын чанарыг сайжруулах бүсэд дагаж мөрдөх журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Агаарын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, зөрчлийг арилтал үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл хариуцлага хүлээлгэх юм байна.

Дашрамд хэлэхэд Монгол улсын иргэн бүр өөрийн болон бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, улмаар утаагүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд идэвхитэй оролцон иргэний журамт үүргээ биелүүлэхийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Засаг Заргын Тамгын газраас уриалж байгаа юм.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4307
0 эможи
keyboard_arrow_up