Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах талаар санал солилцлоо
Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга-уулзалт”-д оролцсон Бүгд Найрамдах Унгар Улсын “VMD Эмнэлгийн технологи” компанийн ерөнхий захирал Гаспор Марот, Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Д.Болороо, гүйцэтгэх захирал Штапан нарын төлөөлөгчид Улсын гуравдугаар эмнэлгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтаар талууд Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын форумаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор эмнэлгийн хөгжлийн төлөөх хамтарсан түншлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх, оношилгоо, эмчилгээний хүчин чадавхийг хэрхэн тооцох, зохион байгуулах, төлөвлөх, эмнэлэг хөгжүүлэхэд тулгардаг гол бэрхшээлүүд болон олон улсын туршлагын талаар харилцан санал солилцов.
VMD компани нь Унгар улсын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмж, нэг удаагийн эм хэрэгслийн зах зээлд чухал байр суурийг эзэлдэг бөгөөд оношилгооны төвийн төлөвлөлт, суурилуулалт, угсралт болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Тус компани бусад улс орнуудын эмнэлгийн төслүүдэд төлөвлөх, угсрах, тоноглох, сургах, засвар үйлчилгээний дараалласан алхамуудыг цогц төсөл байдлаар хэрэгжүүлдэг бөгөөд уулзалтын үеэр Улсын гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэгжүүлэх олон хэмжээст гамма цацраг эмчилгээг нэвтрүүлэх төслийг хамтарсан цөм төсөл болгож хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцсан байна. Үүний дараа, төлөөлөгчид Улсын гуравдугаар эмнэлгийн Ангиографийн лабортори, КТГ-ийн багаж төхөөрөмж, зарим эмнэлзүйн тасгийн тусламж үйлчилгээний байдалтай танилцлаа.