65 хороонд амьдрах орчны газрын зураглалыг хийнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран 2013 онд 6 дүүргийн гэр хорооллын 87 хороонд амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой хийсэн. Эдгээр газрын зураглалуудыг багтаасан цахим газрын зураглалын сан бүхий www.manaikhoroo.mn вебсайтыг ч бүтээсэн. Энэхүү цахим хуудаснаас иргэд, холбогдох албан тушаалтнууд гэр хорооллын хороодын нийтийн үйлчилгээний хангамж, хүртээмжийн талаар хүссэн мэдээллээ цахим хэлбэрээр харж, дүн шинжилгээ хийх боломжтой болсон юм.
Харин удахгүй үлдсэн орон сууцны 65 хороонд амьдрах орчны газрын зураглалыг хийх гэж байна. Эдгээр хороодоос 55 нь орон сууцных, үлдсэн 10 нь байшин,гэр хороолол гэсэн холимог бүтэцтэй. Эдгээр хороодод газрын зураглалыг хэрхэн хийх, ямар үндсэн индикаторуудыг сонгож авах талаар санал солилцох уулзалт Захирагчийн ажлын албаны хурлын зааланд боллоо.
Газрын зураглалыг нийслэлийн 152 хороонд хийж дууссанаар иргэдийн оролцоотой хийсэн амьдрах орчны үндсэн үзүүлэлтүүдийг Улаанбаатар хотын ирэх таван жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах боломжтой болж байгаа юм байна.