“Оюутан цэрэг”-үүд эрүүл мэндээ шалгууллаа
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн эхний ээлжинд хамрагдсан нийслэлийн есөн дүүргийн 64 их дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 550 оюутан-цэрэг “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлээр онолын мэдлэгээ эзэмшин шалгалт өгөөд, “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтанд хамрагдахын өмнө өнөөдөр Эрүүл мэндийн үзлэгт орж байна.
Батлан хамгаалахын их сургууль дээр нийслэл, дүүргийн цэргийн штаб, нийгмийн даатгалын ажилтнууд болон БХХСАХНЭ-ийнхэн байрлаж, оюутан-цэргүүдийн цэргийн үүрэгтний бичиг баримтыг цэгцэлж, эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, мөн нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үзлэг хийж байлаа. БХХСАХНЭ-ийн поликлиникийн дарга, дэд хурандаа Г.Тунгаамаа оюутан цэргүүдийн эрүүл мэнд, ерөнхий бие бялдрын үзүүлэлт харьцангуй сайн, шаардлагад тэнцэж байгаа талаар дурдаж байлаа.
Зохих шалгуур үзүүлэлтээ хангасан оюутан-цэргүүд 6 дугаар сарын 15-аас “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтанд хамрагдаж, хоёр сарын хугацаатайгаар Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд хээрийн байрлалд 12 кредит буюу 560 цагийн хичээлийг судлах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж, 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ.