Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар сургалтанд хамрагдлаа
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан хэд хэдэн ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэж байгаа билээ. Үүний нэг нь хүний нөөцийн чадвар, чадамжийг дээшлүүлэх, мэргэшсэн боловсон хүчин бий болгох зорилгоор үйлдвэрийн газрын ажилтан, алба хаагчдад зориулсан сургалт юм.
Энэ удаагийн сургалтыг Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтанд улсын хэмжээнд ажиллаж байгаа 53 автотээврийн хяналтын улсын байцаагч хамрагдлаа.
Манай улсад орон нутгийн зам тээврийн ослоос шалтгаалан жил бүр олон зуун хүн хорвоог орхиж, амь нас эрүүл мэндээрээ хохирдог. Үүний гол шалтгаан нь хууль бус тээвэрлэлт буюу хулгайн тээвэр юм.
Хууль бус тээвэрлэлтэй тэмцэх, түүнд хяналт тавих ажлыг хэрэгжүүлдэг, гүйцэтгэдэг гол үүрэг гүйцэтгэгч бол Автотээврийн хяналтын улсын байцаагч юм. Автотээврийн хяналтын улсын байцаагчдын ур чадвар, мэдлэг боловсролын түвшинг дээшлүүлэх, хууль эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх, шинээр батлагдан гарч буй хуулиудыг танилцуулах мөн автотээврийн хяналтыг явуулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд сургалтын зорилго оршиж байна.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам