Тээврийн хэрэгслийн татвараа төлсөн эсэхийг шалгах хяналтын үзлэг шалгалт эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар автоотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 05 сарын 31-ний хооронд, эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалтыг 2014 оны 6 дугаар сарын 10-24-нийг хүртэл зохион байгуулж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар баталсан удирдамжийн дагуу өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалт явуулж эхэллээ. Автотээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтыг Нийслэлийн татварын газар, Нийслэлийн Замын цагдаагийн Газар, Улаанбаатар хотын банктай хамтран зохион байгуулна. Хяналтын үзлэг, шалгалтын татвар хураалтыг нэгдсэн байдлаар Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Дүнжингарав худалдааны төвийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээж ажиллуулах юм. Дүүрэг бүрт авто замын суурин хяналт, шалгалтын пост 5-г зохион байгуулж байрлуулан, пост бүрт татварын улсын байцаагч, цагдаа зохицуулагч ажиллана. Тээврийн хэрэглийн татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй иргэдийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дугаар зүйлд заасны дагуу 5000-25 000 төгрөгөөр торгоно.