ТАНЫ СОНОРТ: Гүүрэн гарц барих ажлын хүрээнд зуун айлын замыг түр хаана
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй газруудад явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц барьж эхэлсэн. Энэ жил 2 байршилд гүүрэн гарц барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 айлын орчимд буюу Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн автобусны буудлын дэргэд гүүрэн гарц барих ажил эхэлсэн. Зуун айлын гүүрэн гарцыг барих ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ" ХХК ажиллаж байгаа бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 12-ны шөнийн 00:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд 100 айлын уулзвараас зүүн тийш автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг хааж, гүүрэн гарцын дам нурууг байрлуулахаар болсон байна. Тус гүүрэн гарцыг 6 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх гэрээтэй юм.