Монголын залуучуудын хэвлэлийн түүхийг өгүүлсэн боть номтой боллоо
Монголын залуучуудын ууган хэвлэл болох " Залуучуудын үнэн" сонины 90 жилийн ойд зориулан МЗХ-ноос эрхлэн "Монголын залуучууд" номын 6 дугаар ботийг эмхтгэн гаргаж өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү ботид Монголын залуучууд, хүүхдийн хэвлэлийн тулгын чулууг тавилцаж, залуу насандаа өөрийн хүч хөдөлмөрийг харамгүй зориулж, ард түмэн, залуу үеэ гэгээрүүлэх нийтлэлийн галыг өрдөж байсан ахмад сэтгүүлч С.Жамбалдорж, Х.Батаа, Д.Нямаа, Д.Чойжил, Ж.Дашдондог, Ц.Дашдондов, Ц.Түвшинтөгс, Я.Арслан нарын бүтээл туурвил болон залуу сэтгүүлчид, идэвхтэн бичигчдийн дуртгал, дурсамж, бүтээлийн дээжис уг эмхтгэлд орсон байна. Монголын залуучууд, хүүхдийн хэвлэлийн түүхийг өгүүсэн "Монголын залуучууд " номын 6 дугаар боть нь дотроо үндсэн 7 бүлэг, 40 гаруй зүйл, түүхэн зургийн хавсаргалт хэсгүүдээс бүрдсэн ажээ. Монголын залуучуудын холбооноос эрхлэн "Залуучуудын хөдөлгөөний түүхэн" сэдвээр гаргаж буй цуврал 12 боть номын энэхүү 6 дугаар ботийн зөвлөхөөр доктор Л.Түдэв, эмхтгэгчээр Монголын залуучуудын байгууллагын ахмад ажилтан С.Даш, Зургийн редактороор Т.Баярсайхан нар ажиллажээ.
Энэхүү номын дараа дараагийн ботиудыг энэ ондоо багтаан уншигч олныхоо хүртээл болгох болно хэмээн ном эмхтгэн гаргасан уран бүтээлчид ярьж байлаа.