11 зөвлөмж гаргалаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээ , тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл, өмгөөлөгч, эрдэмтэн судлаачдыг оролцуулан зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт тус хүрээлэнгийн судлаачид болон энэ чиглэлийн мэргэжилтнүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл, статистик мэдээ, баримт гадаад улсын сайн туршлагыг танилцуулж, хэлэлцэх замаар өнөөгийн практикт цагдан хорих арга хэмжээг авч байгаа үндэслэлүүд нь хэр оновчтой, хүний эрхийн нийтлэг шалгуур шаардлагыг хангаж байгаа эсэх, цагдан хорих арга хэмжээг зөвхөн шүүхийн зөвшөөрөлөөр буюу шийдвэрээр авч байх олон улсын зарчмыг хангаж байгаа эсэхийг хэлэлцэж санал зөвлөмж гаргажээ.
Хүнийг цагдан хорихгүйгээр яаж хэргийг нь шалгах ёстой вэ гэсэн зорилгоор зохион байгуулагдсан энэ хэлэлцүүлгээс дараах зөвлөмжийг гаргажээ. Үүнд Шүүх эрх мэдлийн байгууллага, түүний ажилтан нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд цагдан хорих арга хэмжээг хэрэглэхдээ хүний эрх, хууль ёсыг дээдлэх, эрх зүйн үндэслэл журмыг заавал баримтлах, хараат бус байх мэргэжлийн ёс зүйг чанд сахих, мөн прокурор цагдан хорих зайлшгүй шаардлагатай байгааг нотолсон хууль ёсны нотлох баримтаа шүүхэд гаргах, ялангуяа гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа тохиолдолд холбогдох баримт, мэдээллийг шүүгчид заавал танилцуулах зэрэг нийтдээ 11 зөвлөмжийг хэлэлцүүлгээс гаргалаа.