Нийслэл хот дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгал
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалаа хайрлан хамгаалах, шинэ үеийнхэнд сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээхэд анхаарч “Дурсгалт барилга” хэмээх буланг сэтгүүлийн зөвлөх, сэргээн засварлалтын зөвлөх архитектор З.Оюунбилэгийн удирдлаганд тогтмол хөтлөн явуулахаар боллоо. Энэхүү булангаар бид эх орныхоо архитектурын дурсал, түүхэн дурсгалт барилга байгууламжийн талаарх сонирхолтой мэдээлэл, сэргээн засварлах арга зүй, олон улсын туршлага, зөвлөмж, цаашид улсын хамгаалалтад авах шаардлагатай өвийн талаар мэдээллэж байх болно.
МУ-ын Зөвлөх архитектор З.Оюунбилэг (Ph.D)
Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох архитектур, археологийн дурсгалт газрыг тухайн нутаг, эх газарт нь хүрээлэн байгаа орчны хамтаар хадгалан хамгаалахад түүний түүхэн ач холбогдол, үнэ цэнэ оршдог. Харин энэ ажлын эхлэл нь “бүртгэн, баримтжуулах” явдал юм.
Дурсгалт барилга байгууламжийг тодорхойлон бүртгэх нь улс бүхэнд харилцан адилгүй байдаг. Тухайлбал, Францад сүүлийн үеийн зарим барилга болон 1845 оноос хойших, Мексикт 1522-1900 оны бүх барилга, Польшид 1939 оноос өмнөх, Англид 1700 оноос өмнөх бүх барилга, 1700-1870 оны дурсгалт барилга, 1870-1914 оны нэрт архитекторуудын уран бүтээлийг тус тус хамгаалалтад авсан байх жишээтэй. Үүнээс үзэхэд түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийг хамгаалалтад авах үндсэн шалгуур нь улиран өнгөрсөн цаг хугацаа юм.
Барилга байгууламжийг түүх, соёлын дурсгал гэж тодорхойлохдоо түүхийн болон соёлын үзүүлэлтийг гол үндэслэл болгодог. “Түүхийн” томъёоллыг цаг хугацааны, түүх дурсгалын, шинжлэх ухааны гэсэн гурван үндсэн үзүүлэлтээр авч үздэг бол “Соёлын” гэсэн томъёололд дахин давтагдашгүй, урлаг, уран сайхны үзүүлэлт багтана. Хэрэв эдгээр томъёоллын хоёуланд нь уг дурсгал хамрагдаж байгаа бол дээд зэрэглэлд багтана гэсэн ойлголтыг Европын ихэнх орнууд баримталж байна.
Манай улсын хувьд “Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг 1994 онд батлахдаа олон улсын жишгийн дагуу түүх, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг харгалзсанаас гадна түүхэн цаг хугацааг өөрийн орны онцлогт тохируулан 1924 оноос өмнө баригдсан уран барилга, түүхийн дурсгалт барилга байгууламжийг оруулахаар эрдэмтэн, судлаач, мэргэжилтний оролцсон Мэргэжлийн зөвлөлөөр тогтсон билээ.
Нийслэл хотод орших улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүсэд түүний харагдах сүр барааг хаах, орчны архитектурын зохиомжийг алдагдуулж дурсгалтай маш ойрхон барилга байшин, орон сууц барьж, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчиж, хадгалалт хамгаалалтад сөргөөр нөлөөлсөөр байна. Үүнийг Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийн байдал тодорхой харуулна. Гэтэл Засгийн газрын 2001 оны 96-р тогтоолоор Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийг 2 га газраар баталсан байдаг.
Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийн өнөөгийн байдал
Иймд Засгийн газрын тогтоолоор баталсан хамгаалалтын бүсэд хамаарах газрын кадастрын зургийг хийлгэж баталгаажуулж байхаар Соёлын өвийг хамгаалах хуулинд шинээр тусгаж өгсөн юм. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн "38.1.4. улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд зар сурталчилгааны самбар, бичиг хадах, анхны хэлбэр төрх, хийц, бүтээцийг өөрчлөх"-ийг хориглосон заалтыг нэмж оруулсан. Нийслэлийн хамгаалалтад байдаг Анхны холбооны барилга, Дэмид жанжны барилгыг хаалганы хийцийг өөрчлөн, барилгын анхны төрхийг хааж, хаяг, зар сурталчилгаагаар дүүргэсэн байдлыг харж болно.
Анхны холбооны барилга, Дэмид жанжны байшин
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалалтад авах тухай" 2007 оны 197-р тогтоолоор нийслэлийн дүүргүүдийг нутаг дэвсгэрт орших түүхийн дурсгалт барилгуудыг хамгаалалтад авчээ.
Нийслэлийн хамгаалалтад байгаа Богдын зуны ордноос үлдсэн 4 барилгын нэг Хайстайн Лавран. Сэргээн засварлахын өмнө 2015 он, сэргээн засварласны дараа 2016 он
Баянзүрх дүүргийн хамгаалалтад байгаа Гоожингийн өндөр
Дээрх зурагт үзүүлж байгаа хоёр барилга нь YIII Богд хааны түүхтэй, цаашилбал Монгол Улсын түүхтэй холбоотой түүхийн дурсгалт барилгууд бөгөөд “Гоожингийн өндөр” хэмээн нэршсэн уг барилгын өмчлөл, эзэмшлийг нь шийдээд, нийслэлээс хөрөнгө гаргаж, анхных төрх байдлаар сэргээн засварлаж, ямар нэг зориулалтаар ашиглахгүй бол мартагдаж, нураах аюулд ороод байна. Хайстайн Лавранг сэргээн засварласан боловч өнгө будаг, хийц хэсэглэлийг анхных нь төрх байдлаар сэргээн засварласан гэдэг нь эргэлзээтэй юм. Ер нь Сэргээн засварлах ажил гэдэг бол тухайн соёлын өвийн түүх, соёлын ач холбогдлыг бататган, уран сайхных нь шинж төрхийг алдагдуулалгүйгээр анхны төрх байдлаар сэргээн босгох ба хийц хэсэглэлийг бэхжүүлэх мэргэжлийн үйл ажиллагааг хэлдэг. Сэргээн засварласны дараа аливаа дурсгалт барилгыг эзэмшиж ашиглаж байвал тэр нь хамгаалалтад байна гэсэн үг юм.
2015 онд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого явуулж, уг тооллогоор улс орны хөгжлийн болон барилга, архитектурын түүхийг төлөөлж чадах, баригдаад 50 жил болсон буюу 1965 оноос өмнө баригдсан архитектурын дурсгалуудыг шинээр бүртгэж, тэдгээрийн түүхэн он цаг, соёл, урлагийн ач холбогдол, үнэ цэнэ, ур хийц, дахин давтагдашгүй байдал, нэрт архитекторын бүтээл зэрэг шалгуураар хамгаалалтад авахаар санал боловсруулж, холбогдох газар нь хүргүүлсэн билээ.
Аливаа улсын уран барилга бол чулуугаар бичсэн түүх нь хэмээдэг. Архитектурын дурсгалын мэдээлэл хомс, холбогдох байгууллагад мэргэжлийн боловсон хүчин, түүх, соёлын дурсгалыг хамгаалах мэдлэг, технологи, хөрөнгө дутмагаас түүх, соёлын дурсгалд зүй ёсоор бүртгэгдэх ёстой зарим архитектурын дурсгалуудыг бодлогогүйгээр устгасан нь үнэхээр харамсалтай. Тухайлбал, Монголын анхны архитектор Б.Чимэдийн уран бүтээл 1957 онд босгосон 12м урт хоёр хаалга буюу Буянт-Ухаагийн “Найрамлын хаалга”, Аж үйлдвэрийн комбинатын “Энх тайвны хаалга”, Пионерийн ордны хаалга, 1930-аад оны Гадаад явдлын яамны Консулын хэлтсийн барилга буюу Хүүхдийн номын сан, түүний хашааанд байсан Коминтерний төлөөлөгч байрлаж байсан байшин зэргийг буулгаж устгасан билээ. Олон улсын туршлагаас үзэхэд шинэ төлөвлөлт, бүтээн байгуулалтын зайлшгүй тохиолдолд архитектурын дурсгалыг зөөж, өөр газар шилжүүлэн байрлуулах, унаган газар нь зохицуулсан шинэ төлөвлөлт хийх, архитектурын ил музей байгуулах зэргээр шийдвэрлэдэг байна. Иимд өв хөрөнгө болсон бүтээн байгуулалтаа хаа хаанаа хайрлан хамгаалахад анхаарч ажиллах хэрэгтэй. Дээрх архитектурын дурсгалаас гадна Засгийн газрын ордон /1945 он/, Элдэв-Очирын нэрэмжит кинотеатр /1947он/, "Алтай" зочид буудал буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Туул" ресторан /1948он/, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөл /1954он/, Улсын Их дэлгүүр /1961он/ зэрэг барилгуудыг улсын хамгаалалтад авах нь зүйтэй.