Хагас, бүтэн марафон гүйлтэнд оролцогчдод өгөх зөвлөмж
Хэрэв Та ямар нэг архаг, хууч өвчтэй, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, 45-иас дээш настай бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, гүйлтэнд оролцохоос татгалзахыг зөвлөж байна. Та марафон гүйлтэнд оролцохоор шийдсэн бол дараах Зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу?
1. Өөрийн хорооны өрхийн эмчид үзүүлж, гүйлтэнд оролцохыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулах
2. Гүйлтийн өмнө биеийн жингээ үзэх
3. Та өмнө нь хангалттай бэлтгэл, дасгал хийсэн, өөрийнхөө гүйж чадах зайд оролцох
4. Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, усыг бага багаар 48 цагийн өмнөөс ууж, шингэн алдалтанд бэлтгэх
5. Архи, согтууруулах ундаа нь энергийн метаболизмыг өөрчилж, шингэний дутагдалтанд хүргэдэг тул марафоны урьд өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох.
6. Марафон гүйлтийн үед шингэн алдалтыг багасгах зорилгоор 20 минут тутамд 100-200 мл усыг замын хажууд байрлах үйлчилгээний цэгээс цангаагүй тохиолдолд ч уух
7. Гүйлтийн үед нарны тусгалын үйлчилгээг багасгах зорилгоор малгай өмсөх ба тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.
8. Гүйлтийн өдөр шинэ хувцас, ялангуяа гэмтэл, холголт үүсгэж болзошгүй тул шинэ гутал өмсөхөөс татгалзах
9. Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ заавал үзэж, өөрийн шингэн алдалтыг тооцоолох ба алдсан 1 кг тутамд 1 литр ус уух
10. Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа шууд сольж, өмсөхийг анхааруулж байна.