Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх тухай заалтыг танилцуулж байна
18 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх
18.1.Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө: ,
18.1.1.Засгийн газрын өрийн бичгийн /бонд/ хүү;
18.1.2.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон, энэ хуулийн 17.1, 17.2.1-т заасан орлого;
18.1.3.гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучлалын үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого;
18.1.4. 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн нийт ажиллагсдын 2/3 ба түүнээс дээш хувийг хараагүй ажилтан эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлого. /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.1.5.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан ногдол ашиг. /Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
18.2.Энэ хуулийн 18.1.2-т заасан албан татвар төлөгч өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон бөгөөд албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг гадаадад шилжүүлэх тохиолдолд мөн хуулийн 17.2.8-д заасан хувиар албан татвараас чөлөөлөгдөнө.
19 дүгээр зүйл. Албан татвараас хөнгөлөх
19.1.Дор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө:
19.1.1.үр тариа, төмс, хүнсний ногоо;
19.1.2.сүү; 19.1.3.жимс жимсгэнэ;
19.1.4.тэжээлийн ургамал.
19.8.50-иас дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
19.9.Аж ахуйн нэгжийн гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлэхдээ орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу шийдвэрлэнэ.
19.10.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, иргэнээс хандивласан нэг сая хүртэлх хэмжээний төгрөгийг ийнхүү хандивласан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн татварын жилд уг аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.