“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарчээ
“Төрийн мэдээлэл” хууль тогтоожмийн эмхэтгэлийн 2017 оны 02 дахь дугаарт Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.
Хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, соёрхон батлах, батлах, хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох, тайлбар хийх, гэрээг биелүүлэх, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээний үйлчлэлийг дуусгавар болгох, нийтлэхтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах юм.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг нийтэлсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.
Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр, авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон харилцан суутгах замаар эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Хөгжлийн банкны зохистой харьцааны холбогдох шалгуур үзүүлэлтийг сайжруулах, Монгол Улсын Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 1.0 их наяд хүртэлх төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргаж, нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт энэхүү тогтоолоор даалгасан байна.
Энэ тогтоолын 1-ийн 1 дэх дэд заалтад заасан өр, авлагын тооцоонд аудит хийхийг Үндэсний аудитын газар, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд тус тус үүрэг болгожээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.