Чуулганы нэгдсэн хуралдаанаар арван нэгэн асуудал хэлэлцэв

УИХ-ын чуулганы өчигдрийн /2017.01.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтийг сонссон бөгөөд үргэлжлүүлээд Хууль зүйн байнгын хороо дэмжсэн болон дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусаад, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Дараа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн гаргасан төслөөс уг хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй нийцүүлж хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан нар асуулт асууж байр сууриа илэрхийлэв. Гишүүд согтуугаар автомашин жолоодсон хүнд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй, баталсан хуулиа зөрчихгүй мөрдөх шаардлагатай гэсэн саналтай байгаагаа илэрхийллээ.
Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Мөн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хийв. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлээд байсан юм. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаар завсарлага авсан учир хэлэлцүүлгийг хойшлуулсан. Завсарлагын хугацаа энэ өдөр дууссан бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй учир төсөл санаачлагчид нь буцаалаа.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан. Тэрбээр, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон. Дагаж мөрдөх хүртэлх хугацаанд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил одоог хүртэл бүрэн хангагдаагүй байна. Тухайлбал, хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны хууль, бусад хуулиуд, зохих дүрэм, журам, зааврууд батлагдаагүй, энэ хуулийг хэрэгжүүлэх алба хаагчдад зориулсан сургалт болон хуулийн үзэл баримтлал, агуулгыг олон нийтэд таниулах сурталчилгааны ажлууд бүрэн хийгдээгүй, мөн зарим төрлийн ялыг хэрэгжүүлэх эдийн засаг, дэд бүтэц, техникийн нөхцөл бүрдээгүй зэрэг үндэслэлээр Монгол Улсын Их Хурал 2016 оны 08 дугаар сарын 30-ны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулах бодлогыг тусгайлан зохицуулсан, гэмт хэрэгт оногдуулах хорих ялын бодлогыг уян хатан болгосон, хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмж оруулж, баривчлах ялыг халсан, "ялтай байдал", “онц аюултай гэмт хэрэгтэн”, “давтан” гэх зэргээр хууль зүйн үр дагавар үүсгэж, гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хүчингүй болгосон, цаазаар авах ялыг халж, хорих ялын дээд хэмжээг багасгасан гэх зэргээр дэвшилттэй зохицуулалт нилээд туссан.
Гэвч хуулийг судлан үзэхэд практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх боломжтой, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах, Эрүүгийн хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээв.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гэм буруугаа ухамсарласан, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг 6 сараас гэснийг 1 сараас гэж болгох боломжтой эсэх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжих боломжтой талаар, УИХ-ын гишүүн Н.Учрал нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг шинээр томьёолсон талаар болон гэрээ, хэлцэл хийгээд гэрээнийхээ үүргээ биелүүлээгүйн улмаас хор хохирол учруулсан бол гэснийг гэмт хэрэгт тооцохоо больсоноос гарах үр дагаварын талаар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү бусдыг хамгаалах зорилгоор иргэний үүргээ биелүүлж аргагүй хамгаалалт хэрэглэсэн бол гэмт хэрэгтэн болох эсэх, гэмт хэрэг хийсэн, хийгээгүй гэснийг тодорхойлдог болох асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргаж байсан болно гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд торгуулын нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцэх байсныг 1000 төгрөгтэй тэнцэх болгож өөрчилсөн үндэслэл, шалтгаан болон ялын бодлогыг хөнгөрүүлэх чиглэл барьсан нь ямар судалгаан дээр суурилсан талаар, мөн хуулийн этгээдтэй холбоотой хариуцлагын өөрчлөлт, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял нь хорих, торгох гэсэн сонгох санкцитай байгааг анхаарах хэрэгтэй гэсэн саналыг байнгын хорооны хуралдааны үеэр гаргажээ. Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэл, Л.Мөнхбаатар, Б.Ундармаа, Я.Содбаатар, Г.Занданшатар, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Д.Дамба-Очир, Д.Тогтохсүрэн нар байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.6 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон. Гэвч шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй буюу энэ хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн төслүүд ёсчлогдоогүй, шаардлагатай дүрэм, журам батлагдаагүй, хуулийн хэрэгжилтийг хангах алба хаагчдад зориулсан сургалт, олон нийтэд шинэ хуулийн үзэл баримтлал, агуулгыг таниулах сурталчилгааны ажлууд хийгдэж дуусаагүй, харилцан уялдаатай Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин, эдийн засаг, техникийн нөхцөл боломж бүрдээгүй аж. Дээрх шалтгааны улмаас Монгол Улсын Их Хурал 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан гэдгийг салбарын сайд дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг зүй зохистой хамгаалж, хариуцлагыг ялгамжтай оногдуулах тогтолцоог бүрдүүлж буй Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль нь Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалах бодлогыг шинээр авч үзэх хэрэгцээ шаардлагад тулгуурласан, Зөрчлийн тухай хуульд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэсэн, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулах алхам хийгдсэн зэрэг нь дэвшилттэй боловч ойлгомжгүй асуудлууд үүссэн байна. Үүнд:
- Зөрчлийн тухай хуульд бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам стандарт зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцон төрөлжүүлж нэгтгэхдээ зарим харилцан адилгүй зөрчлийн шинжүүдийг нэгтгэн нэг зүйл, хэсэгт томьёолсон нь хууль хэрэгжүүлэгч субъектүүдийн зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг тогтооход хүндрэл үүсгэсэн.
- Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан нь тухайн үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн аль нь болохыг шийдвэрлэх боломжгүй байдлыг бий болгож, хууль ёсны зарчмыг гажуудуулж байна.
Иймд уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах, хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. Хуулийн төсөлд уг хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээ, Зөрчлийн тухай хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зохицуулалтыг тусгажээ гэж байлаа.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм. Тэрбээр байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Н.Учрал, О.Батнасан нар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулах, хууль хоорондын алдаа хийдэл гаргахгүй байх, зарим зөрчлийг хуулийн зохицуулалтгүй орхигдуулахгүй байх талаар хэлэлцүүлгийн явцад анхаарах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан болно.
Түүнчлэн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Зөрчлийн тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн уялдаа холбоог хангах үүднээс тус хуулиудын ажлын хэсгийг нэг гишүүнээр ахлуулж ажиллахаар шийдвэрлэсэн. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Батнасан, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, О.Баасанхүү, Д.Хаянхярваа нар байр сууриа илэрхийллээ. Үүний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.5 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв
Дараа нь УИХ-ын гишүүн М.Билэгт нэр бүхий есөн гишүүний 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль 2003 оны 11 дүгээр сарын 7-нд батлагдаж 2013 оны 7-р сарын 5-ны өдөр УИХ-аар шинэчлэн найруулагдаж батлагдсан. Дээрх хуулийг хэрэгжүүлснээр архи хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг хянах чадваргүй болсон иргэдийг түр саатуулан нийгмийн хэв журмыг сахиулж байгаа юм.
Согтуугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэд эмч нарт үзүүлэхгүй агсам тавих, зодох, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж төхөөрөмж, эд хогшлийг эвдэх, эмнэлгийн орчныг биеийн өтгөн шингэнээр бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, заналхийлэх, зодож гэмтээн эрүүл мэндээр хохироогоод зогсохгүй бусад эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж эмч, эмнэлгийн ажилчид, эмчлүүлэгчдийн эрх ашиг, эмнэлгийн халдвар, хяналтын дэглэмийг алдагдуулж байна.
Иймд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, нийгмийн хэв журмыг зөрчиж байгаа иргэдийг албадан саатуулах нь хууль зүй, дотоод хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын харъяанд байлгах, саатуулах байранд согтуу этгээдэд үзүүлэх үйлчилгээг энэ хуулиар зохицуулахаар шинэчилэн найруулсан болно гэж байлаа.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хууль санаачлагч хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг арилгах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэхүү үйл ажиллагаанд оролцогч иргэд, байгууллагын аюулгүй байдлыг хангаж, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, түүнчлэн төрийн захиргааны төв байгууллагын харьяаллыг оновчтой болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Уг хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын нийт 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасны дагуу нэгтгэн нэг төсөл болгох асуудлыг анхны хэлэлцүүлгийн шатанд шийдвэрлэхээр тогтсон юм.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь нар асуулт асуусан юм. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.
Уг хуулийн төслөөр эрүүлжүүлэх байр нь Цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллах бөгөөд, түүнд эрүүл мэндийн тусламжийг эмч, хамгаалалт, аюулгүй байдал нэгдсэн удирдлагыг цагдаагийн байгууллага тус тус хариуцан ажиллах юм байна. Мөн эрүүлжүүлэх байрны нөхцөл, эмчилгээ, үйлчилгээний журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, үйлчилгээний төлбөрийг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар тус тус хуулийн төсөлд тусгасан болохыг салбарын сайд танилцуулгадаа дурдсан юм. Түүнчлэн албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан хүн амын нягтрал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан тодорхой нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байрыг байгуулах зохицуулалтыг, түүнчлэн үйлчлүүлэгч догшин хэрцгий авирлаж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахаар бол уг этгээдэд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт заасан журмын дагуу номхотгох аргыг хэрэглэж болох зохицуулалт, эрүүлжүүлэх үйлчилгээнээс олсон орлогыг эрүүлжүүлэх үйл ажиллагаанд нь зарцуулахаар тус тус тусгасан гэж байв.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, О.Баасанхүү, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл, Ц.Нямдорж, Ё.Баатарбилэг, Х.Нямбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Үүний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.6 хувь нь дэмжсэн юм. Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын нэр бүхий 16 гишүүд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилц
