Арьс үндсээр алагчлах үзлийн тухай конвенцийн хэрэгжилтийг илтгэв
Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол Улсын 19-22 дугаар илтгэлийг Засгийн газар бэлтгэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүргүүллээ.
Монгол Улс тус конвенцид 1969 онд нэгдэж орсон бөгөөд конвенцийн 9 дүгээр зүйлд заасны дагуу 2 жил тутам хэрэгжилтийн талаарх илтгэлийг НҮБ-д хүргүүлж байх үүрэгтэй. Ээлжит илтгэлд НҮБ-ын Арьс үндсээр алагчлахыг устгах хорооноос Монгол Улсын өмнөх илтгэлүүдийг хэлэлцэж өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг тусгажээ.
Мөн илтгэлд Монгол Улс Үндсэн хуульдаа “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн зааж ялгаварлан гадуурхахыг хориглосныг тодотгохын зэрэгцээ Хүний эрхийн үндэсний комисс болон цагдаагийн байгууллагад арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай холбоотой гомдол ирж байгаагүйг онцолсон байна.