Зөвшөөрөлгүй зочид буудал, дэн буудлуудыг цахилгаан, дулаан, усаар хангахгүй

2014 оны 6 сарын 03

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам”–ын дагуу зочид буудал, дэн буудлын үйл ажиллагааг стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг. Журмын хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 460 зочид буудал, дэн буудалд аттестатчилал явуулж, стандартын шаардлага хангаагүй зочид буудал, дэн буудлуудад хэд хэдэн удаа зөвлөмж, шаардах хуудас өгчээ. Гэвч зөвлөмж, шаардлагыг үл тоож ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын энгийн нөхцөлийг бүрдүүлээгүй 99 зочид буудал, дэн буудалд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй байна. Эдгээр газрууд нь орчин, нөхцөлөө сайжруулаагүйгээс гадна насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн зэрэг хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан тохиолдол цөөнгүй байгаа юм.
Тиймээс Нийслэлийн Аялал жуулчлалын газраас тавьсан хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг дарга “Зөвшөөрөлгүй зочид буудал, дэн буудлуудад авах арга хэмжээний тухай” А/448 дугаар захирамж гаргаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа зочид буудал, дэн буудлуудад 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нийслэл хотын хангамж үйлчилгээ /цахилгаан, дулаан, ус, хог тээвэрлэлт/ үзүүлэхгүй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болголоо.
 Холбогдох стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлуудын жагсаалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тухай бүр хүргүүлж байхыг нийслэлийн Аялал жуулчлалын газарт үүрэг болгож захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3912
0 эможи
keyboard_arrow_up