Шатдаг занарын төсөл хэрэгжүүлэх компаниудыг зарим татвараас 2018 он хүртэл чөлөөлнө

2014 оны 5 сарын 29

Уул уурхайн дэд сайд, "Шатдаг занар" хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийн ахлагч О.Эрдэнэбулганаас зарим зүйлийг тодруулав.

-Манай улс шатдаг занар ашиглах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, уламжлалт бус эх үүсвэр (нүүрсний давхаргын метан хий, байгалийн битум, тослог элс гэх мэт)-ээс газрын тос гарган авах үйл ажиллагааны эрх зүйн орчин, компаниудад таатай нөхцөл бий болгох чиглэлээр ажиллаж байгаа. Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт "Газрын тосны уламжлалт бус эх үүсвэрийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг дэмжинэ" гэж заасан байдаг. Иймд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт занараас шатахуун гаргах үйл ажиллагааг дэмжиж, эрчимжүүлнэ гэж заасан. Уул уурхайн яамнаас Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хууль УИХ-ын эцсийн хэлэлцүүлэгт явж байгаа. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд газрын тосны уламжлалт бус эх үусвэрийн хайгуул, ашиглалтын талбай, бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрхэн зохицуулах талаар тусгасан.

-Монголын шатдаг занарын нөөцийг ашиглах хүсэлтэй компаниуд хэр олон байгаа вэ?

-Дотоодын "Монголын алт" (МАК), "Мөнхийн эрчит рашаан" болон АНУ-ын "Жени ойл шейл Монголиа" компани шатдаг занарын хайгуул, судалгааны ажлаа хэдийнэ эхлүүлээд байгаа. МАК, "Мөнхийн эрчит рашаан" компани нь Сүхбаа-тар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Далай булаг, Дундговь айм-гийн Баянжаргалан сумын Ээдэмтийн ордод нөөцийн тооцооны тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүү-лэн, Монгол Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүулсэн байдаг. Ингэснээр шатдаг занарын нөөц 1.9 орчим тэрбум тонноор нэмэгдсэн.

"Жени ойл шейл Монголиа" компани Төв аймгийн нутагт хайгуул, судалгаа хийх таван жилийн хугацаатай гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан. Тэд анхан шатны судалгаагаар Монтолын занар хорт бодис бага, маш өндөр чанартай байх магадлалтай гэж тогтоосон. Гэрээний хугацаанд компани геологийн хайгуул хийн, нөөцийн хэмжээг тооцон, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзвэл туршилтын төслүүдийг хэрэгжүүлнэ. Туршилт амжилттай болбол бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна. Эдгээрээс гадна Францын "Total", Бразилд занараас газрын тосны бүтээгдэхүүн боловсруулж буй "London investment partners" компани хамтран ажиллах санал ирүүлээд байна. Мөн АНУ-ын "Chevron" компани манай зарим аж ахуйн нэгжтэй энэ чиглэлээр хамтран ажиллах яриа хэлэлцээ хийж байгаа. АНУ-ын "ExxonMobil", БНСУ-ын SK компани судалгаа явуулах сонирхлоо илэрхийлсэн. Манай улсад шатдаг занар тархсан талбайн 19 хувийг судлахад 800 орчим тэрбум тонн нөөцтэй хэмээн тогтоосон байдаг.

-Тэдгээр компани үйлдвэрлэл явуулах болбол дэмжих үү?

-Газрын тосны салбарт нэг чухал шийдвэр гарсан. Уламжлалт бус эх үүсвэрээс газрын тос гарган авах үйл ажиллагаа явуулах компаниудын оруулж ирэх бараа материал, техник, тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас 2018 он хүртэл чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Бүх эх үүсвэрээс газрын тосны бүтээгдэхүүн гарган авч, дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй цаашид экспортлох зорилготой. Энэ нь компаниудад томоохон түлхэц болно гэж үзэж байгаа. Дэлхийн хамгийн сайн техник, технологийг компаниудад нэвтрүүлэх, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг холбогдох байгууллагаар хийлгэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх шаардлага тавина. Мөн байгаль орчинд ээлтэй, хүнд аюул учруулахгүй үйл ажиллагаа явуулахыг шаардана.

Ер нь Уул уурхайн яам дотоодын газрын тосны хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавьж байгаа. Үүний хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсны дагуу дотоодод түүхий тос боловсруулах газрын тосны үйлдвэр байгуулах байршил, ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаа хийж байна. Дашрамд дурдахад, нүүрс шингэрүүлэх чиглэлээр ажиллах таван компанид ("Цэцэнс майнинг энд Энержи", MCS болон БНСУ-ын POSCO-гийн хамтарсан хөрөнгө оруулалттай "Bagan-uur Energy Corp", МАКзэрэг) зөвшөөрөл олгоод байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3710
0 эможи
keyboard_arrow_up